Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.18
10
Өдөртөө
-5
Шөнөдөө

Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуульд намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна

2017 оны 4 сарын 21

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өглөө.

 

ОУВС-тай хийж байгаа хөтөлбөр дотор концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо байна

 

 

- Концессын гэрээ маргаан үүсгээд байна. Сайд нар концесс нэрээр төсвөөс мөнгө завших гэж байгаа нь үнэн юм уу?


- Би үүнийг ОУВС-тай хийж байгаа хөтөлбөр дотор концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо байна гэж хараад байгаа юм. Нэгдүгээрт, өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Хоёрт, ойрын хэдэн жил концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо хийгдсэн байгаа юм. Засгийн газар бүх концессыг зогсоосон. Бараг л ийм гэрээ хийхгүй гэж гарч ирсэн байх шүү. Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудлууд яригдсан. Зарим концессыг сайд нар нь авч байгаа гэсэн яриа хэлэлцээр яваад байгаа. Түүнийгээ үнэн зөвөөр нь тодорхой болгохын тулд ажлын хэсэг гаргаж ёстой гэдэг санал би байнгын хорооны хурал дээр ч, бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Түүнээс гадна Засгийн газар байгуулагдсанаас хойш зөвхөн төрийн ажил, Засгийн газрын ажлаа хий, хувийн компанитай холбоотой ямар нэгэн яриа шийдвэр байж таарахгүй шүү, хэрвээ ийм ажил хийгээд эхэлбэл АН-аас ялгагдахгүй шүү гэдгийг Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйл үнэн бол алдаагаа засах хэрэгтэй, Засгийн газар. МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна. Энэ Засгийн газар хувийн сонирхлоос хол байж шударга байх ёстой гэсэн зарчимтай л байгаа юм.


- Ажлын хэсэг байгуулагдсан гэсэн байх аа?

 

- Бүлэг дээр ярьж байгаад энэ ажлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Яагаад энэ концессын гэрээг яриад байна вэ гэвэл Худалдаа хөгжлийн банк, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой. Би гэрээг нь нэг бүрчлэг үзсэн. Үнэхээр аюултай юм хийгээд байгаа нь харагдсан шүү. 2014 онд 30 жилийн хугацаатай Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барих ашиглах нөхцөлөөр концессын гэрээ хийгдсэн байдаг. Гэтэл нэгхэн жилийн дараа буюу 2015 онд гэрээгээ өөрчлөөд барих, ашиглах нөхцлийг нь барих шилжүүлэх болгоод 90 сая ам доллар нэг өдрийн дотор буцаагаад өгчихсөн байсан. Нэг км төмөр зам барьсан хөрөнгийг нь харахаар 3,4 сая ам доллар болж байгаа юм. Үүнээс надад концессын ард асар их луйвар булхай явагддаг юм байнга гэсэн сэтгэгдэл төрсөн. Хаалгыг хаахгүй бол болохгүй байна гэж бодогдоод сая төсөвт концессын гэрээнд 40 тэрбум төгрөг нэмж өгөх гэж байхад нь санал оруулж хасуулсан. Гэтэл дахиад ийм асуудал гараад ирэхээр дургүй хүрээд ярихаас өөр яахав. Энэ Засгийн газар шударга байх ёстой, хувийн сонирхолоос ангид байх ёстой.

 

 Эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой, тэр МАК компани

 

-Өнгөрсөн парламентын үед УИХ “МАК” компанид давуу эрх олгон “Цагаан суварга”-ын ордыг олгосон. Гэтэл одоо дахиад зам, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалтыг нь төр хийх гэж байгаа нь өөрөө буруу шийдвэр юм биш үү?

 

-Эрчим хүч татах хэрэгцээ байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ зээл аваад түүнийгээ татна биз. Ер нь бол Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд тэр хүний хувийн амьдралтай холбоотой асуудал ашиг, сонирхлын зөрчил гэх мэт хуулиудаар хязгаарлагдах ёстой. Одоо бол эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой, тэр МАК компани. Нөгөө ашиг сонирхол гэдэг зүйл үүнээс л эхэлдэг юм шүү дээ.

 

-Засгийн газарт хариуцлага тооцох ёстой субъект нь УИХ. Ард түмэн үүнийг хэлэхээс цаашгүй. Та УИХ-ын дэд даргын хувьд Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх үү?

 

-УИХ-ын гишүүдийг нүүрсний арилжаанд оролцох оролцоог нь Ерөнхий сайд хаасан учраас гишүүд бухимдаж байна гэж концессын гэрээний асуудлыг мушгисан байсан. Бүлгийн хурал дээр ч, байнгын хорооны хурал дээр ч зөвхөн концессын гэрээнээс болж гишүүд бухимдсан, шүүмжилсэн, маргасан. Асуудал ил тод байх ёстой, алдаа гарсан бол засах ёстой гэдэг гишүүдийн байр суурь зөв. ОУВС-тай тохиролцчихоод ар хударгаар нь өөр юм хийгээд байвал бид нартай хэн хамтрах вэ. Нэг концессын гэрээ хийгээд үнийн дүнг нь 4-5 дахин нэмдэг ноцтой асуудал өмнөх Засгийн газрын үед гаргасан. Тиймээс бид өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд концессын гэрээний асуудлыг шалгах нь зөв гэж үзэж байгаа юм. Учир нь өмнөх Засгийн үед цөөнгүй сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр эхлүүлээд гацчихсан зүйлүүд байна. Нисэхийн 300 хүүхдийн эмнэлгийн барилгыг гэхэд л концессын гэрээнд орчих гэж яригдаад байгаа юм. Хэвлэл дээр гарсан үний дүнг харахад аймшигтай өндөр төсөв харагдаж байна. 20 тэрбум төгрөг гэнэ. Би. Цагдаагийн Ерөнхий газрын барилгыг 10 тэрбум төгрөгөөр бариулсан юм шүү дээ. Төрөх эмнэлэг энэ барилгаас томгүй гэхээр 20 тэрбум юу л бол. Ямар ч гэсэн ажлын хэсэг тэр концессын гэрээг нь шалгаж, нэгдсэн дүнгнэлт гаргах байх.

 

Би Ж.Баатарын ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байна лээ

 

-Та хуулийн байгууллагад маш олон жил ажилласан хүн. Гэтэл Тагнуулын газрын дарга байсан хүн таны талаар ноцтой мэдээллүүд хийсэн. Та энэ талаар тайлбар өгөх үү?

 

-Энэ бол миний санаа зовох асуудал биш. Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад 20 жил болж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллага өөрөө шалгаж, 2004 онд шүүх хурал болж Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор Тагнуулын байгууллагын өөрийн хэрийнх нь тусгай ажиллагааны материалыг хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг. Энэ хоёр ял нь нийлээд 10 жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан. Үүнийгээ л ярьж байгаа юм. Би тэр ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байна лээ. Тагнуулын газрын дарга байгууллагынхаа нууцыг хүртэл задалж байгаа нь намайг хорлох биш улсаа хорлож байгаа хэрэг шүү дээ. Намайг хорлож чадахгүй л дээ, шүүхийн тогтоолтой юм чинь.

 

Одоо бас сонгууль дөхөөд л зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байх шиг байна

 

-Ж.Баатар генерал яагаад гэнэт гарч ирээд таны талаар ярив?

 

-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг үгтэй. Түүнээс гадна өс хонзонгийн сэдэл байх шиг байна. 1996 онд Ж.Баатарыг Тагнуулын газрын дарга байхад нь хууль бусаар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнадаг асуудал нь илрээд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэр ажлын хэсгийг талийгаач С.Зориг ахалж, ажлын хэсэгт О.Дашбалбар, н.Одонбаатар бид хэд ажиллаж, П.Жасрай гуайн гэрийн утсыг чагнаж байхад нь илрүүлсэн юм. Ерөнхийдөө тэр шалгалтын үр дүнд Ж.Баатар ажлаа өгч байсан юм. Түүнээс хойш 1998 онд С.Зориг нас барж, 1999 онд О.Дашбалбар нас барсан байдаг. Яг шалгалтын дүнг танилцуулах үед би үхэх шахсан. Бие нэлээд муудсан. Ж.Баатар энэ талаар их сүртэй ярьж байна билээ. Урд айлын тусгай албаны хүн гээд хэлчихсэн чинь ухаан алдаж унаад, Д.Ганболд архи авчирч зутгаад гээд л. Гэрч нь Л.Болд байгаа юм. Өчигдөр ярьсан инээж байна лээ. Бас тэр үед н.Одонбаатарын нь ч гэсэн бие муудаж байсан. Тэр үед О.Дашбалбар “За даа наад нэг шалгалтаас чинь болж бид нэг баларлаа даа” гэж хэлж байсан. Энэ үгийг надад хэлж байхад нь одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сонсч байсан. 2000 онд намайг Хууль зүйн сайд болохын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг “Хятадын тагнуул” гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн үед энэ талаар надаас асуухад нь надтай холбоотой зүйл байхгүй. Өөрсдийнх нь зохион байгуулсан ажил гэж хэлээд томилогдсон. Би энэ асуудлыг орхичихсон байтал 2003 онд Гүндалайгаар тараалгаад л эхэлсэн. Одоо бас сонгууль дөхөөд л зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байх шиг байна.

 

 Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэргийн талаар ярих гэхээр л Ерөнхийлөгч болох гэж байна гэх юм

 

-Та Ерөнхийлөгчид нэр дэвших үү. Ер нь таныг дэвших вий гэхээс айж байгаа хүмүүс хоёр нам дотор хэр их байх шиг байна?

 

- Өө зөндөө байна. Миний хүслээр шийдэх асуудал биш. Одоохондоо ямар нэг тайлбар хэлэхгүй. Эрдэнэтийн 49 хувь, С.Зориг агсны хэргийн талаар ярих гэхээр л Ерөнхийлөгч болох гэж байна гэж дайраад байх юм. Миний ярьж байгаа олон асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, ярьж байна. Би аливаа үйлдэл хийхдээ албан тушаал ерөөсөө боддоггүй. Тэгэхээр миний хийж байгаа зүйлсийг битгий Ерөнхийлөгчийн сонгуультай холбоорой. Энэ улсад аливаа асуудал болохгүй байна, төр нь төр биш болсон учраас эрүүл хэвийн төртэй болох шаардлага байна гэдгийг л би хэлж байгаа юм. Энэ улсад төрийн дампуурал нүүрлээд байгаа учраас ингэж ярихад хүрлээ.

 

Хууль хяналтыхны талаар элдэв юм ярих ёс суртахууны цорын ганц эрхтэй хүн нь би юм шүү

 

- Надад С.Зоригийн хэрэгт хутгалдах хувийн ямар ч шаардлага байхгүй. Хэдэн чавганц дээлтэйгээ хатгаад байна,  хэдэн хүний амьдрал нүдэн дээр сүйрээд байна шүү дээ. Шүүх, прокурор гэдэг юм алга болчихлоо. Тэрэн дээрээ тулах юм бол хууль хяналтын байгууллагын талаар элдэв юм ярих ёс суртахууны цорын ганц эрхтэй хүн нь би юм шүү.  Яагаад гэвэл энэ салбарыг толгойлж байсан хүн. Бүх хуулийг нь өөрөө зүтгэж байж батлуулж байсан хүн. Нүдэн дээр миний батлуулсан хуулиудын зарчим нурж байна. Байж сууж чадахгүй байна шүү дээ. Ингээд ярихаар л Ерөнхийлөгч болох гэж байна гэх юм. Ядаргаатай байгаа биз.

 

Ц.Нямдорж: Ер нь Ж.Баатарын асуудал нарийндаа ярьвал өөр зүйл юм

 

- Энэ улсад төрийн дампуурлын аюул нүүрлээд байна. Манай бүлгийн зарим гишүүд надад гомдож л байгаа. Гомдвол гомдоно л биз. Нэг хүн гомдоож, гомдох нь асуудал биш. Цаана нь төрийн зарчим байна. Ер нь Баатарын асуудал нарийндаа ярьвал өөр зүйл. Эрдэнэтийн асуудал ярьж эхэлснээс хойш намайг зогсоох гэж битүү аргаар их үзэж байна. Зөвхөн надад гэлтгүй нэг УИХ-ын гишүүн дээр наад зах нь 3 хүн ажиллаж байна. Өөрсдөө ч ярьж байна.  

 

- Зоригийн хэрэг яриад эхлэхээр намайг дарах гэсэн оролдлого явагдсаар байна. Одоогоос 2 сарын өмнө өнөөгийн тагнуулын байгууллагын удирдлагууд тухай үед ажиллаж байсан хүнээс Ц.Нямдоржийн 1992 онд урагшаа явсан талаар олигтойхон юм байна уу гэж асууж сурагласныг би мэдсэн. Тэгэхээр би “Намайг оролдох гэж байгаа бол олигтойхрон юмаар оролд. Энэ хэрэггүй шүү, шүүхийн шийдвэртэй юм” гэж хэлсэн. Мөн хоёр хоногийн өмнө Тагнуулынхан Ц.Нямдоржийг мөрдөн байцаалтын нууц задруулсан байна гэж өргөдөл бичээд өгөөч гэж УИХ-ын гишүүн байсан хүн рүү утсаар ярьсан байна лээ. Буянаараа л бол.   

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 3
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан