УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачлагаар Дорноговь, Говьсүмбэр аймгийн эмэгтэй удирдагчдын “Эмэгтэйчүүд-Манлайлал” сэдэвт зөвлөгөөн Төрийн ордонд болов. Орон нутгаа өөд татан хөгжүүлэхэд хэрхэн нэгдэн хамтарч ажиллах шаардлагатай талаар энэ удаагийн зөвлөгөөнд оролцогч Иргэдийн хурлын дарга, төлөөлөгч, Засаг дарга, тамгын газрын дарга, орлогч зэрэг 70 гаруй эмэгтэйчүүд санал бодлоо солилцсон юм. Говьсүмбэр, Дорноговь аймгийн аймаг, сумдын нийт 218-ын ИТХ-ын төлөөлөгчийн 78 нь буюу 36 хувь нь эмэгтэйчүүд ажээ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Говь нутгийн бүсгүйчүүдийг дайчин, аливаа зүйлд хүлээцтэй даацтай хандаж чаддаг ёс зүй өндөртэй хэмээн үнэлдэг. Бүсгүйчүүд маань өрх гэрээ төдийгүй улс орныг эн тэнцүү, заримдаа бүр илүүтэй үүрч яваа гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Говийн бүсэд уул уурхай дагасан сөрөг үр дагавар, ажилгүйдэл, гэр бүл салалт, архидалт бэлгийн замын өвчин гэх мэт нийгмийн олон асуудал бэрхшээл бий. Өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн хүч оролцоо чухлаар тавигдаж байна” хэмээн онцлоод энэ удаагийн зөвлөгөөн хамтын ажиллагаа, хөгжлийн гарцыг тодорхойлоход чухал алхам болно гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Г.Тэмүүлэн, Х.Нямбаатар, Н.Цэрэнбат нар зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргээд, говийн бүсгүйчүүдийн дуу хоолойг төрд хүргэхээр зорьж байгаа гишүүн Г.Мөнхцэцэгт амжилт хүсч хөгжлийн түүчээ бүсгүйчүүдээ дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөгөөнд оролцогчид “Улсын хөгжилд бүсгүйчүүд бидний оруулах нэн чухал хувь нэмэр бол үр хүүхдээ эрүүл саруул, зөв хүмүүжүүлэх юм. Мөн говь нутагт нэн тулгамдсан асуудал ажилгүйдлийг бууруулахын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг хоршоо, хамтын хэлбэрээр хөгжүүлэх бололцоог бодлогоор дэмжиж өгөхийг шийдвэр гаргагчдаас хүсч байна” гэв.
Сэтгэгдэл (1)