МАХН УИХ-д ганцхан суудалтай. Харин тэд энэхүү суудлаа нэмэхээр “ажиллаж” эхэлсэн бололтой. Учир нь зургаан гишүүн МАХН-д орно гэдэг нь тодорхой болсон талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгджээ. Гэхдээ энэхүү хөдөлгөөн нь Ерөнхийлөгчийн сонгуулиас нааш хийгдэхгүй гэнэ. Мөн эдгээр гишүүд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар биш аж.
Энэ талаар тэрбээр “МАН-ын зургаан гишүүн манай намд орохоор ярьсан гэж хэлсэн шүү. Манайд ирэх зам нь улам засагдаж байгаа. Би хэзээ ч худлаа ярьдаггүй. Та нар харин цагаас нь өмнө юм мэдэх гээд зарим зүйлийг хурданд нь оруулах гээд байх юм. Ямар ч байсан зургаан гишүүн МАХН-д орно гэдэг тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бол орж ирэхгүй байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнд орно. Шударга бусын хонгилоор хэн ч явахыг хүсэхгүй.
Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар биш шүү. Ц.Даваасүрэн гишүүн дээр очоод “Та МАХН-д орохоор ярьсан юм уу” гэж асуугаад бүр уурлуулчихсан байна лээ. Хөөрхий тэр хүний орж, гардаг хугацаа болсон. Нэг намаасаа гараад, нэг бие дааж үзээд, зөндөө л юм боллоо шүү дээ. Бид ч гэсэн тэр хүмүүсийг тайван байлгамаар байна. Тийм хүмүүстэй бид ярихгүй. Оръё ч гэсэн манай намын хаалга хаалттай” гэсэн байна.
Сэтгэгдэл (35)