Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас 29 дүгээр тусгай сургуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж, 29 дүгээр тусгай сургуулийн асуудалтай холбогдох Нийслэлийн засаг даргын захирамж гарч, тус сургуулийн захирал Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаараа мэдээлсэн.
Ингэхдээ НЗД-ын орлогч Ш.Анхмаа “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр БСШУСЯ-наас албан ёсоор Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авлаа. БСШУСЯ-ны Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 29-р сургуулийн захирлыг үүрэг ажлаас нь чөлөөлж, тус сургуулийн захирлыг хавсран гүйцэтгэгчийг томилох шийдвэр гарсан. Нийслэлийн хэмжээнд нийт тусгай зургаан сургууль үйл ажиллагаа явуулдаг. 29-р сургуульд гарсан зөрчил бусад тусгай сургууль дээр ч мөн ийм асуудал байхыг үгүйсгэхгүй учраас Нийслэлийн ЗДТГ-аас Ажлын хэсэг байгуулж, тусгай зургаан сургуульд хяналт шалгалт явуулан зохих арга хэмжээнүүдийг авах болно.
Өнөөдрийн байдлаар 29 дүгээр тусгай сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн явж байна” хэмээн тайлбарласан. Тэгвэл энэхүү томилгооны талаар сайд асан Ц.Оюунгэрэл жиргэжээ. Тэрбээр "29 дүгээр сургуульд дохионы хэлээр хичээлээ зааж чаддаггүй бүх багшийг захиралтай нь халж явуулаад шинэ багш нарыг шалгаруулж оруулах хэрэгтэй. 29-р сургуулийн захирлаар Насанбаярыг тавьчихмаар байна. Тэр боловсролд хүнлэг сэтгэлтэйдээ баахан муулуулсан. Хүнлэг хүнд орон зай байгаа юм байна" гэсэн байна.
Сэтгэгдэл (41)