Засгийн газрын ээлжит 18 дугаар хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламж, түүний гүйцэтгэлийн тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Мөнх-Оргилд олголоо.
Хэлэлцээрийг энэ сард багтаан байгуулснаар Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, холбогдох судалгааны ажлыг зургадугаар сар гэхэд цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэнэ. Мөн ТЭЗҮ-ийн эцсийн тайланг 11 дүгээр сард хүлээлгэн өгч, ирэх оны эхний улиралд багтаан Компакт гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Хэлэлцээр нь долоон зүйл, дөрвөн хавсралттай бөгөөд гэрээ боловсруулах, хэрэгжилтийн анхан шатны бэлтгэлийг хангахад талууд ямар үүрэг, хариуцлага хүлээх, санхүүжүүлэх арга хэмжээ, татвараас чөлөөлөх, бусад нөхцөлийг тусгажээ.
Мянганы сорилтын корпорацийн үйл ажиллагааны хүрээнд газрын доорх эх үүсвэрээс Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, цэвэрлэсэн бохир усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, усны салбарт бодлогын болон институцийн шинэчлэл хийх, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг боловсруулна.
Харин Засгийн газрын гэрээлэх үйл ажиллагаагаар гэрээний хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, худалдан авах ажиллагаа хариуцсан төлөөлөгчийг ажиллуулахтай холбоотой зардлыг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Мөн Компакт гэрээг хэрэгжүүлэгч нэгж байгуулах зардлыг хариуцах юм. Эдгээр үйл ажиллагаанд шаардлагатай нийт 10 сая 500 мянган ам.долларыг бүхэлд нь Мянганы сорилтын корпораци гаргах бөгөөд энэ нь Компакт гэрээний үнийн дүнд багтахгүй юм.
Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит үр худалдана
Энэ жил 13 аймгийн 1350 орчим аж ахуйн нэгж, иргэн 381.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 362,1 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн байна. Үүнд нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 4,1 мянган тонн улаанбуудайн үр дутагдах тооцоо гарчээ. Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээд хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалж байгаа стандартын шаардлага хангасан нийт 5800 тонн улаанбуудайн элит үрийн нэг тонн тутмыг 880,000 төгрөгөөр, 1-3 дугаар репродукцын үрийн тонныг 830,000 төгрөгөөр, хүнсний буудайн нэг тонныг чанартай нь уялдуулан тонн тутмыг 480,000-560,000 төгрөгөөр худалдахаар боллоо. Аж ахуйн нэгж, иргэд үнийн дүнгийн 40 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж буудайн үр худалдаж авах боломжтой юм.
Макао, Хонгконгтой ялтан ялтан шилжүүлэх гэрээ байгуулна
Монгол Улс нь БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэвч эдгээр гэрээ нь БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг, Макаод үйлчилдэггүй юм. Эдгээр бүс нутагт зорчих монгол иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа, мөн гэмт хэрэгт холбогдох тохиолдол олон гарч байгаа зэргийг харгалзан Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Макао хооронд Ялтан шилжүүлэх, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
Товч мэдээ
- УИХ-ын дарга М.Энхболдын 2017 оны 03 дугаар сарын 27-30-нд Япон Улсад хийсэн албаны ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улс ОУВС-тай хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн багц дахь японы оролцоо, дэмжлэгийг тодорхой болгох, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр байгуулах нь айлчлалын зорилго байв. Энэ үеэр Японы Улс манайд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотолсон юм.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.