Сүүлийн үед өсвөр насныхан сэтгэл гутралын эмгэг, донгоор өвчлөх нь нэлээд ихэссэн гэх харамсалтай мэдээлэл гарах болсон. Үүгээр ч үл барам тухайн насныхан амиа хорлох тохиолдолд нэг бус удаа бүртгэгдсэн билээ.Тэгвэл өсвөр насныханы онцлог, ямар хүчин зүйлийн улмаас дээрх өвчнөөр өвлөөд буй, үүнээс гарах арга замын талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөрийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяатай ярилцлаа.
-Танай эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь яг ямар шалтааны улмаас хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Манай эмнэлэг хэвтүүлэн эмчлэх 25 ортой. Энэ 25 орны дийлэнх буюу 60-70 хувийг төрөх үйлийн эмгэгтэй хүүхдүүд эзэлж, хэвтэн эмчлүүлж байна. Төрөх үйлийн эмгэгийн цаана хүүхдийн сэтгэцийн онцлогтой өөрчлөлтүүд ч илэрч байдаг. Сүүлийн үед төрөл бүрийн донгийн асуудалтай хүүхдүүд их ирж байна. Тухайлбал гар утас, дэлгэцийн донтой хүүхдүүд нилээд зонхилон хэвтдэг. Мөн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутралын эмгэг нилээн хувийг эзэлж байгаа. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирж хэвтэж байна. Хүчирхийлэл гэхээр дан ганц бэлгийн хүчирхийлэл биш шүү дээ. Үе тэнгийнхний хавчилга, гэр орны хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирж хэвтдэг юм.
-Тэгэхээр энэ бүхэнд юу нөлөөлөөд байна вэ?
-Энэ бүхний гол үндсэн шалтгаан нь ерөөсөө л нийгмийн талаас үзүүлж байгаа стресс, хувь хүний биологийн стресс нөлөөлж байна. Мөн тухайн хүүхдийн төрөлхийн зан авирын өөрчлөлттэй холбоотой байдаг. Манай улсад өнөөдөр нийгмийн стресс, маш өндөр түвшинд байна. Энэ бол нийгмийн замбараагүй цахим хэрэглээ, фэйсбүүк, твиттер гэх мэтээс болох болохгүй мэдээллийг ямар ч цензургүй дамжуулж байгаа нь ямар ч насны хүнд сэтгэл зүйн дарамт үзүүлж байдаг. Мөн өсвөр насны хүүхдүүдэд үе тэнгийн дарамт хамгийн их өндөр байдаг. Тэд бие биенийгээ царай зүс, өмссөн хувцас, найз нөхөд, амьдардаг орчноор нь хүртэл хавчин гадуурхдаг нь ажиглагддаг.
-Сүүлийн үед өсвөр насныхан амиа хорлох оролдлого хийх тохиолдол гарах боллоо. Үүний шалтгаан нь мөн л таны дурдсан зүйлүүд байна уу?
-Өсвөр насныхан хүнд хэлбэрийн сэтгэл гутрал орохоороо шууд л амиа хорлоё гэсэн бодол орж ирдэг шиг байгаа юм. Тэгээд янз бүрийн арга хэрэглэдэг. Энэ нь сэтгэл хөдлөлтэй холбоотой. Сэтгэл хөдлөлийг тархи өөрөө удирдаж байдаг жамтай. Ямар үед уураа барих ёстой, ямар үед инээж, ямар үед уйлах ёстой гэдгийг насанд хүрсэн бие хүн зохицуулж чаддаг. Гэтэл өсвөр насныханы шилжилтийн үедээ хаашаа л бол хаашаа туйлбарч байдаг. Тиймээс эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдийн энэ онцлогийг ойлгож, мэдэж байвал түлхүүрийг нь олж харьцах нь чухал юм. Гэхдээ хүүхдүүд яг энэ үедээ хүнтэй харьцах харилцаа нь багасдаг. Сэтгэл гутрал маань өөрөө дотроо гадаад болон дотоод гэсэн хоёр шинжтэй. Яг жинхэнэ сэтгэцийн өвчнөөр илэрч байгаа сэтгэл гутрал бол ямар нэгэн стрессгүй байж байгаа үед өөрөө аяндаа үүсдэг сэтгэцийн хүнд эмгэг. Энэ бол өсвөр насныханд харьцангуй бага илэрдэг. Хамгийн гол нь гадаад стресс. Ялангуяа сургууль, үе тэнгийхний дарамт. Олон нийтийн сүлжээгээр доромжлох, шоглох гэх мэт нь хүүхдийг анги хамт олны дунд гишгэх газаргүй болгочиж байгаа юм. Тэгээд ирэхээр л хүүхэд энэ ертөнцөөс зайлая гэсэн бодол орж ирээд болчимгүй зүйл хийгээд байдаг. Олон нийтийн сүлжээгээр яаж амиа хорлох талаар зааж байгаа мэт нийтлэчихээд байна шүү дээ. Энэ бол хамгийн аюултай зүйл. Цахим ертөнцийг ер нь хязгаарлахгүй бол цөөхөн хүн амтай Монгол Улсын маань ирээдүй эмгэнэлтэй харагдаж байна.
-Танай эмнэлэгт ийм оролдлого хийсэн хүүхэд ирж эмчлүүлж байсан болов уу. Тэд үүнийхээ шалтгааныг хэрхэн тайлбарладаг юм бол?
-Манайд амиа хорлох оролдлого хийхийг завдсан хүүхэд нэлээд ирж, хэвтэн эмчлүүлсэн. Тэдний гол шалтгаан нь бага насандаа гэр бүлийн таагүй байдал байсан хүүхэд дунд болон ахлах ангидаа байхдаа үе тэнгийнхнийхээ гадуурхалтай давхцаад ирэхээрээ л хүүхдүүд амиа хорлох оролдлого хийдэг юм шиг байгаа юм.
-Өсвөр насныханд бэлгийн дарамтанд орох тохиолдол цөөнгүй гараад байх шиг?
-Энэ насныхан хэн нэгэнтэй танилцаж, шоудахдаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар бэлгийн хүчирхийлэлд өртөх байдал нэлээд ажиглагддаг. Мөн цахим ертөнцөд бэлгийн зүй зохисгүй мэдээлэл ямар ч цензургүй тавигддаг нь хүүхдүүдийн сэрэл мэдрэмжийг өдөөдөг учраас хийж туршиж үзэх гэж алдаанд ордог. Ер бол нэг алдсан хүүхэд насан туршийн л гэмшилд ордог. Зарим нь хэн нэгэнд уруу татагдах, айхтар охидууд найз нөхөддөө ийм зам руу түлхэн оруулж, зарим тохиолдолд бүр янз бүрийн хүн дээр хүртэл дагуулаад очсон тохиолдол хүртэл байдаг. Тиймээс бэлгийн боловсролыг зөв олгож, хүүхэд нас 18 насаар хязгаарлагдаж, түүнээс хойш хүнтэй гэрлэж болно гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.
-Дээрх тохиолдолууд чухам яагаад өсвөр насанд тохиолдоод байна вэ?
-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн онцлог гэдгийг ойлгох хэрэгтэй. Өсвөр нас гэдэг маань өсвөр насны өмнөх үе шат болон өсвөр үеийн шилжилтийн үе гэсэн хоёр үе шаттай байдаг. Өсвөр насны өмнөх үе шатанд 10-11 насны хүүхдүүдийг хэлж байгаа юм. Энэ үед хүүхдүүдэд биеийн болоод сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтүүд гардаг. 12-19 нас хүртэл үндсэндээ өсвөр үеийн шилжилтийн үе гэж ярьдаг. Энэ бол бие махбодийн талаасаа эрэгтэй, эмэгтэй гормоны ялгарал биед орж ирэхээр сэтгэцэнд нь маш хүчтэй нөлөөлөл үзүүлж, янз бүрийн өөрчлөлтүүд гардаг. Тиймээс ч өсвөр насныханд илүү тохиолдоод байгаа юм.
-Тэгвэл өсвөр насны хүүхдүүд сэтгэцийн онцлогийн талаар ярьвал?
-Өсвөр насныханд яагаад сэтгэцэд өөрчлөлт гарч ирээд байна вэ гэхээр яг хүний тархи боловсорч гүйцэх төгс үе нь 21-23 нас. Энэ үед хүний тархины хөгжил бүрэн төгс болоод өөрөө өөрийгөө захирч удирдах, хийсвэр сэтгэлгээ төгс хөгжсөн байдаг. Хийсвэр сэтгэнэ гэхээр юмны цаад нарийн далд хор хөнөөл, ач холбогдлыг нь мэдэхгүйгээр гэнэтийн үйлдэл болон шийдвэрүүдийг хийдэг байх нь. Тэгэхээр сэтгэл хөдлөлдөө захирагдсан явж байгаа үе гэсэн үг.
-Өсвөр насныханы сонирхол олон янз болж хувирдаг нь энэ бүхэнтэй холбоотой байх нь гэж ойлгож болох уу?
-Өсвөр үеийнхэнд эсэргүүцэх хариу урвал, даган дуурайх хариу урвал гэж зүйл илэрдэг. Эсэргүүцэх хариу урвал гэдэгт би том хүн болчихлоо, аав ээж, багш нартаа захирагдах хүсэлгүй биеэ даасан мэтээр өөрийгөө төсөөлж байдаг. Гэтэл энэ нь нийгэмтэйгээ зөрчилддөг. Тодруулбал аав ээжүүд нь хүүхдээ жаахан байна, харин багш нар нь та нар том болчихоод ингээд байхдаа яадаг юм гэх жишээний. Гэтэл сэтгэцийн онцлог нь биеэ даасан ердийн хариу урвал байхгүй юу. Үүнийг эцэг эхчүүд мэдэж, ойлгож байх ёстой. Түүнээс биш хүүхдүүд биеэ даачаад пээдэлзээд байгаа юм бол биш. Мөн хүүхдийн тархи бүрэн хөгжиж гүйцээгүй байгаа үедээ сэтгэл хөдлөлдөө захирагдсан шийдвэрүүд гаргадаг.
-Даган дууриах хариу урвал гэхээр. Үүний хор хөнөөл их байдаг болов уу?
-Өсвөр үеийнхэн нийгмийнхээ сөрөг болоод эерэг үзэгдлүүдийг даган дууриаж байдаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Яг эмгэг болвол үүнээс илүү хүчтэй шинжүүд гарч ирдэг. Тэгэхээр хүүхдүүдээ чи энийг даган дууриалаа гэж хэлж болохгүй байх нь. Цаанаасаа сэтгэл зүйн хямралд орж байгаа байдал нь энэ. Мөн хүүхэд юмыг хэт их сонирхож, хэт их автвал энэ нь эмгэг дасан зохицлын хариу урвал илэрч байгаа дохио. Ийм онцлог шинжүүдийг эцэг эхчүүд хэн хэн нь мэдэж байх ёстой. Үүнээс хэтэрсэн хариу урвал гарч ирээд байвал танай хүүхэд болохгүй байна гэсэн дохио байх нь байна шүү дээ.
-Тэгэхээр хүүхдээ энэ бүх эмгэгээс хэрхэн хамгаалж байх ёстой юм бол?
-Эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургаад явбал энэ бол асуудал биш. Өсвөр насны хүүхдүүдтэй харьцах хандлагаа үе тэнгийн найз, нөхөдтэйгөө ярьж байгаа юм шиг илэн далангүй ярих хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ санаа бодлыг хүндэтгэж, ойлгож харилцан шийдвэр нэг түвшинд гаргаж байх ёстой юм. Ийм насны хүүхдүүдэд хүндэтгэл маш чухал байдаг. Мөн үе тэнгийн өсвөр насны хүүхдүүд маань үеийнхээ хүүхдүүдээс үг илүү чагнадаг. Тэгэхээр буруу мэдээлэл аваад ирэхээр буруу тийшээ гүйгээд явдаг. Тэгээд буруу шийдвэрүүдийг гаргаад янз бүрийн болчимгүй алхмуудыг хийх гээд байдаг.
-Та өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч?
-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд таны хүүхэд шилжилтийн буюу эмзэг насан дээрээ явж байгаа гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Бид бүгд энэ үеийг дамжаад гарсан. Тэд чинь өнөөдөр хүүхэд биш, том хүн биш завсарын үедээ явж буй хүүхдээ хүлээн зөвшөөрч сураарай. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ илэн далангүй, найз нөхөд шиг нь ярьж сурах хэрэгтэй. Хүүхдийнхээ хүсэл бодлыг чагнаж, гэр бүлдээ өнгөрүүлэх цагаа ихэсгээч ээ. Хүүхэд тань хэнтэй, хаана ямар хүмүүстэй нөхөрлөөд юу хийгээд яваад байгааг мэдэх хэрэгтэй. Мөн хүүхдээ зөвхөн багш нарт нь даатгаад орхихгүй, өөрсдөө анхаарал хандуулж, яавал хүүхдээ хамт олон дунд нь аятай байлгах уу гэдгийг хүртэл багш нар, найз нөхөдтэй нь холбогдож мэдэх нь чухал юм. Үнэндээ таны хүүхэд бие нь өсгөлөн том багаа ч сэтгэхүй нь жижигхэн хүүхдээрээ байгаа гэдгийг л маш сайн ойлгох ёстой.
-Та өсвөр насныхны хийж бүү үйлдлийг хүлээн зөвшөөрөх ёстой гэлээ. Эцэг эхчүүд бол хүүхдийнхээ хийж буй үйлдлийг буруу гэдгийг нь мэдээд, түүнийгээ хийсээр байгаад бүүр буруу зүйл рүү орчихвий гэсэн болгоомжлол байгаад байх шиг санагддаг?
-Хүүхэддээ болгоомжлуулж хэлэх нь зүйтэй л дээ. Гэхдээ бүх зүйлийг болохгүй болохгүй гээд хориод байх тусам хүний хэрэгцээ хангагдахгүй болохороо янз бүрийн төрх, үйлийн өөрчлөлтийг үзүүлдэг. Болохгүй болохгүй гээд байхаар тэр хүний бүх хэрэгцээ дарагддаг. Тиймээс өөр зүйлээр хэрэгцээгээр орлуулахын тулд янз янзын бүтэлгүй зүйл рүү орох гээд байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглээг битгий тана л гэж хэлээд байгаа юм. Зөв хэрэглээ байх ёстой. Үүнийгээ л хүүхдүүдээ ойлгуулчих хэрэгтэй.
-Сэтгэцийн эмгэг, донтолтоос өсвөр насныхан болоод хүүхдүүдийн яаж хамгаалах ёстой юм бэ. Боломж бүхэн нээлттэй байдаг шүү дээ?
-Сэтгэцийн эмгэг, донтолтоос хамгаалах бүрэн боломж байгаа. Гэхдээ нэгэнт галт тэрэг хөдөлсөн л бол түүнийг дундуур нь зогсооно гэдэг тун бэрхшээлтэй. Тиймээс тав хүртлэх насны хүүхдийн өсөлт бойжилт, хөгжлийн төлөвшилт нь ямар явагдсан нь тэр насанд байдаг. Үүний дараа бага ангид орохоороо нийгэмшиж, дасан зохицолтын эмгэгт орох магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл нийгэм, хамт олондоо дасан зохицохгүй жожигорч, зугтаах янз бүрийн хариу урвал үзүүлдэг. Ийм зүйл хүүхэд тань илэрч байвал хамгийн түрүүнд сэтгэцийн эмч, сэтгэл заслын үйлчилгээнд зайлшгүй хандах ёстой. Харин энэ үеийг даван туулсан хүүхэд цаашид дунд ангидаа маш тайван байдаг. Харин дунд, ахлах ангид орохоор асуудал арай өргөжиж, хүүхэд элдэв эрсдэл рүү орох гээд байдаг. Энэ үед нь маш сайн анхаарах ёстой. Аав ээж нар хүүхдийнхээ хүмүүжлийг сургуульд тохох гээд байдаг. Үнэндээ эцэг эхчүүд өөрсдөө ч гэсэн үр хүүхдийнхээ төлөө тэдэнд тавьж байгаа анхаарлаа нэмэгдүүлэх нь чухал.
Социолизмын үед сургуулийн хүмүүжлийн ажлыг эрчимтэй явуулдаг байсан. Гэтэл өнөөдөр энэ нь үгүй болж, хүүхдийн хүмүүжил доголдох бас нэгэн шалтгаан болсон. Уг нь өсвөр насныханы хүмүүжил, төлөвшилтөнд сургуулийн хүмүүжлийн ажил маш чухал мэт санагддаг. Тиймээс энэ ажлыг сэргээн, эрчимжүүлээсэй л гэж боддог. Хүүхэд гэдэг маш итгэмтгий амьтад. Тэд аав ээж нь хэлэхээс илүүтэй хамт олон, найз нөхөд, багшийнхаа үгэнд ордог. Тэр итгэмтгий багшийнхаа үгэнд ордог зан чанарыг нь ашиглаад сургалт хүмүүжлийн ажлыг хийж, төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Эцэг, эхчүүд хүүхдээ донтой болж байгааг яаж мэдэж болох вэ. Анхны шинж тэмдэг хэрхэн илэрдэг юм бол?
-Хүүхдийн сонирхол нь хэтэрхий их байх нь донгоор илэрдэг. Ялангуяа дэлгэцийн дон. Энэ бол ерөөсөө 21-р зууны үеийн сэтгэцийн эмгэгийн маш их өндөр түвшинг эзэлж байгаа болов уу гэж би бодож байна. Том хотуудын судалгаагаар хүүхдүүдийн бараг 70 хувь нь донтолтын хэлбэрт байна гэсэн мэдээ сүүлийн үед гарч байна. Донгийн хэлбэр рүү орж ирж байна гэдэг нь хүүхдэд тун аюултай. Энэ бол сэтгэц нь хараат байдалд ороод хүүхдийн сэтгэхүйг тэр чигээр нь эргүүлдэг. Тэгэхээр ийм хүүхдүүд маань үндсэндээ шүүмжлэлт шинж чанар нь алдагдаж байгаа юм. Би дэлгэцэнд донтоод байна шүү, ийм сэтгэцийн эмгэгт өртөөд байна шүү гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол үндсэндээ сэтгэцийн эмгэгийн гол том шинж нь юм. Дээр нь сэтгэл гутрал нилээн илэрнэ. Энэ нь хөнгөнөөсөө эхлээд хүнд хэлбэрийнх гэж байна. Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал гарч байгаа нь бол дандаа гадаад шалтгаантай байдаг. Энэ нь найз нөхөд, багш нараас ирж байгаа дарамт. Эхлээд ганихарна дараа нь нойрондоо муу болно дуртай юмандаа дургүй болох, хичээлдээ явах сонирхолгүй болох гэх мэт ийм хөнгөн шинжүүд ажиглагддаг. Үүнийг эцэг эхчүүд анзаардаггүй.
-Донтолтоор өвчилсөн хүүхдүүд бүрэн эдгэрэх боломжтой юу. Энэ өвчний гол эмчилгээ нь юу байдаг юм бол?
-Донтолт нь дотроо химийн болон химийн бус дон гэж хоёр том бүлэгт хуваагддаг. Химийн дон гэдэгт архи тамхи, мансууруулах бодис, газ зэрэг орж байгаа юм. Харин химийн бус дон гэдэгт бидний яриад байгаа цахим дэлгэцийн донгууд, хулгай хийж, худал хэлэх зэрэг зан үйлийн донгууд ордог. Хүүхдэд донгийн шинж тэмдэг хэдий чинээ эрт илэрч, түүний эрт оношилж, мэргэжлийн эмчид хандана төдий чинээ хурдан эдгэрэх боломжтой өвчин. Хэрэв хэрэглээний түвшин донтолтын нэгдүгээр үе шатан дээр очсон тохиолдолд сэтгэл зүйн эмчилгээ авах нь маш чухал. Түүнээс эмийн ерөндөг гэж байхгүй. Харин сэтгэл засал, танин мэдэхүйн эмчилгээг 6-12 сар хийлгэж байж бүрэн эдгэрдэг.
Харин өндөр шатлалын дотнолтын хэмжээнд хүрсэн байвал мэдээж хэсэг хугацаанд донтуулаад байгаа зүйлээс нь холдуулж, эмнэлгийн хараа хяналтанд хэвтрүүлж, улмаар эмнэлгээс гарсан хойно нь ч мөн дахин төрөх үйл танин мэдэхүйн эмчилгээг уйгагүй явуулж байж, донгийн байдлаас гардаг.
-Донгоор өвчилж байгаа хүүхдүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Нууц биш бол танай тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн хэдэн хувь энэ төрлийн оношоор хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлж байна вэ?
-Манай тасагт дэлгэцийн донтой хүүхдүүд 2015 онд жилдээ 44 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байдаг. Харин 2016 онд энэ тоо 52 болж өссөн. Гэтэл 2017 он гарснаас хойш эхний улирлын байдлаар 40 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлээд байна. Энэ нь хүүхэд өсвөр үеийнхэн маань дэлгэцийн донгоор өвчлөх нь жилээс жилд ихэсч байгааг харуулж байгаа юм. Харин жилдээ 40-50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь бага тоо мэт харагдаж байгаа боловч энэ нь манай эмнэлэгийн нийт орны эргэлтийн бараг 30-40 хувийг эзэлдэг гэхээр аймшигтай сонсогдож байгаа биз.
-Хүйсийн хувьд ямар байдаг вэ?
-Эрэгтэй хүүхдүүд дэлгэцийн донгоор өвчлөх нь их байдаг. Гэхдээ охид ч мөн энэ өвчнөөр өвчилж, гэрээрээ эмчлүүлсэн тохиолдол бүртгэгдсэн. Харин охид сэтгэл гутрал нь өвчин болж, сэтгэцийн эмгэг болох тохиолдол их байдаг. Үүнд нэг зүйл тодотгож хэлэхэд охид фэйсбүүкийн донгоор өвчилж байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (11)