Ардчилсан намын гишүүн Д.Дорлигжав өнөөдөр мэдээлэл хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Санал асуулга зарим зуунд ганц удаа явагддаг, зарим зуунд явдаггүй. Тиймээс анал асуулгатай холбоотой өргөн хэлэлцүүлгийг хэвлэлийнхэн хийгээч гэж уриалж байна. Хоёрдугаарт иргэний нийгмийн байгууллага санал асуулга явуулаад байгаа баримт бичигт анхаарлаа хандуулаач. Гуравдугаарт, парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намууд энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Бид үүнийг буруу шийдэх юм бол дахиад ойр, ойрхон санал асуугаад байж болохгүй. Санал асуулга гэдэг нь УИХ-ын шийдвэрээс ч хүчтэй. Санал асуулгын хариу гарсан даруйд хүчин төгөлдөр болдог юм. Энэ бол цаг үеийн шинж чанартай зүгээр л нэг хийдэг зүйл биш. Ард нийтийн санал асуулгаар шийдсэн шүү гэж хэлээд маргааш нь юу ч хийж мэдэхээр зүйл явж байгаа шүү. Иймд үнэхээр санаа зовниж байна.
Бид 27 жилийн өмнө жижиг системийн зөрчил гаргаад хийсэн. Тэр нь явсаар байгаад улс төрийн бүлэглэлүүдийн мушгиж буруугаар ашиглах маш том боломж болсон. Энэ нь өнөөдөр улстөрчдийг гацаанд оруулж, нийгмээ удирдаж чадахгүй, ард иргэдийн сэтгэлд хүрч чадахгүй байх хэмжээнд хүрээд байгаа. Гэтэл Үндсэн хуулийн конвенци эвдэгдээд Ерөнхий сайд дээр эрх мэдэл төвлөрүүлэх санал асуулга явагдаж байна. Өөрөөр хэлбэл, намын засаглалыг улам бэхжүүлж, хууль шүүхийн байгууллага, боловсон хүчин бүх бодлого намаас сонгогдсон Ерөнхий сайд дээр төвлөрөх гээд байна. Ингэж болмооргүй байна.
Мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахгүй байх, парламентаас сонгох, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах далд санаа байж магадгүй гэж би харсан. Ямар ч байсан Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодоггүй байя гэдэг саналыг зэрэг асууна гэдэг нь ойлгомжгүй. Нэг талаас нь хүмүүс Ерөнхийлөгчөө сонгодог, нөгөө талаас парламент нь сонгож байдаг хоёр шийдвэрийг зэрэг гаргах гээд байна” гэв.
Сэтгэгдэл (17)