Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Дэмчигтэй Ардчилсан намын шинэчлэл орон нутагт хэрхэн өрнөж байна, түүнд залуусын оролцоог хэр хангаж байгаа талаар ярилцлаа. Тэрбээр Өвөрхангай аймагт хоёр долоо хоног ажиллаад дөнгөж ирээд байсан юм.
-Явсан хүнээс үг сонс гэдэг дээ. Ямар ажлаар нутгаа зорив? Өврийн сайхан хангай нутгаар хаваржилт хэр байна?
-Хагас сарын турш нутагтаа ажиллаж, 12 сумаар дамжин 1800 орчим км замыг туулаад ирлээ. Нутагт маань нялх ногоо соёолж, төлийн дуу цангинаад, тэнгэр хангай ааш сайтай, хүн зон маань сайхан хаваржиж байна. Миний бие Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувьд мөн энэ намын залуучуудын байгууллагыг тэргүүлж яваагийн хувьд намынхаа гишүүдтэй уулзаж, намын шинэчлэл орон нутагт хэр бодитой хэрэгжиж байгаа талаар түүнчлэн энэ шинэчлэлээр залуучуудын оролцоог хэрхэн хангаж байгаа талаар гишүүдийнхээ санал бодлыг сонсохыг зорьсон юм.
Нэгэнт цаг зав гарган явж байгаагийнх иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг нь ойртуулъя гээд шүдний эмч нараас бүрдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх баг авч явлаа. Нийт 12 сумын 2000 гаруй иргэн эмчийн үзлэгт хамрагдаж, анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Мөн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үүднээс сум бүрт гар бөмбөг болон олс таталт, хасаа харвааны нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаанд 1000 орчим залуус биечлэн оролцлоо
-Та 2016 оны УИХ-ын сонгуулиар 21 дүгээр тойрогт өрсөлдсөн. Намаасаа хамгийн залуу нэр дэвшигч нь байсан. Тэгвэл одоо хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд шат шатны, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо хэр нэмэгдсэн бэ?
-Сүүлийн нэг сарын турш намын дарга бүх аймагт ажиллаж, намын хороодын өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Энэ үеэр манай холбооны дэд ерөнхийлөгч нар болон ерөнхий нарийн бичгийн дарга мөн орон нутагт ажиллалаа.
Ардчилсан намын дотоод сонгуулиар намын шат шатны удирдах байгууллагуудад залуу гишүүд олноор сонгогдсон. Сумын намын хорооны дарга болон ХЭГ-ын дарга нарын 70-80 хувь нь залуус байна. Үндэсний бодлогын хороонд 100 гаруй залуу орж ирлээ. Энэ нь хорооны нийт гишүүний 30 орчим хувийг эзэлж байгаа юм. Үүнээс өмнө ҮЗХ-ны гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь залуучууд байсан. Харин одоо намын бодлогыг тодорхойлоход залуучууд шийдвэрлэх үүрэгтэй болж байна. Энэ бол шинэчлэлийн бодлогын үр дүн юм. Өөрөөр хэлбэл, намын удирдах байгууллагуудад залуучууд орж ирсэн нь намын бодлогод салхи оруулах, шинэчлэлийг идэвхжүүлэх таатай нөхцөлийг бүрдсэн гэж дүгнэж болно.
-Шийдвэр гаргах түвшинд залуучууд олноор орж ирж байгаа нь намын шинэчилсэн дүрэмтэй холбоотой юу эсвэл үнэхээр намын гишүүд нь залуучууддаа итгэл хүлээлгэж, ачаа үүрүүлэх цаг болжээ гэдгийг хүлээн зөвшөөрснөөр ийм үр дүн гарав уу?
-Мэдээж, намын шинэчилсэн дүрэмд тусгасан квот тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Үүнээс гадна нийгэм маань бүхэлдээ залуучуудыг дэмжих, итгэл хүлээлгэх, сориод үзье гэсэн хандлага нэлээд давамгайлж байгааг энэ удаагийн дотоод сонгууль харууллаа.
-Үндэсний бодлогын хороонд орсон нийт залуусынхаа хүчийг нэгтгэх тал дээр Ардчилсан залуучуудын холбоо ямар санаачилга гаргаж байна вэ?
-Энэ бол бидний нэн даруй хийх ёстой ажил яах аргагүй мөн. Үндэсний бодлогын хороонд залуучуудын квот болон чөлөөт, эмэгтэйчүүдийн суудлаас орж ирсэн нийт залуус харилцан бие биеэ дэмжиж, үйл ажиллагаагаа уялдуулж байх тал дээр манай холбооны зүгээс идэвх санаачлага гаргаж ажиллана. Эхний ээлжинд танилцаж нөхөрлөх, улмаар бодлогын шинжтэй асуудлуудаар санал солилцож, байр сууриа нэгтгэн, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байхаар төлөвлөж байна.
-Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагын шинэ баг өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав?
-2016 оны сонгуулийн үр дүнгийн дараа Ардчилсан Залуучуудын Холбоо намын шинэчлэлийг өөрсдөөсөө эхлүүлэх нь зүйтэй гэж үзээд, Үндэсний чуулганаа зарлан хуралдуулж, Удирдлагын зөвлөлийг шинээр байгуулсан. Удирдлагын шинэ баг 2020 он дуустал хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөөлөл, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан. Гэвч өнгөрсөн зургаан сарын хугацаанд намын шат шатны сонгууль удаа дараалан явагдсан тул бид холбооныхоо зарим дотоод үйл ажиллагааг уялдуулах үүднээс түр хойшлуулж, намын ажлуудад илүү цаг хугацаа зарцууллаа.
Гэхдээ гадаад харилцаагаа өргөжүүлж, шинэ шатанд гаргах талаар нэлээд санаачилга гарган ажиллалаа. Тухайлбал, АНУ, БНСУ зэрэг оронд АЗХ-ны салбарыг байгуулсан. Тухайн оронд сурч байгаа, манай УЗ-ийн гишүүд тэдгээр салбарыг хариуцан ажиллаж байна. Мөн Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн болон Конрад Аденауэрын сантай хамтран залуучуудынхаа улс төрийн боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж, тухайлсан сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. ОХУ-ын ЭСЯ-тай хамтран Сочид болох Дэлхийн Залуучууд, Оюутны 19-р их наадамд АЗХ-ны төлөөллийг оролцуулахаар болсон. Хятад-Монголын бизнес эрхлэгч залуучуудын холбооны үйл ажиллагааг сэргээгээд байна. Ирэх долоодугаар сард Монгол туургатан залуучуудын бизнес уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гээд чамгүй ажил амжуулжээ, бид.
-Та холбооныхоо тав дахь Ерөнхийлөгч. Өмнөх үеэсээ юугаараа ялгарч ажиллана гэж бодож байгаа вэ?
-Энэ бол зөвхөн ерөнхийлөгчийн асуудал биш л дээ. Манай баг ойрын хугацаанд залуу эрдэмтэн, судлаачдын клуб гэх мэт төрөл бүрийн сонирхлын бүлгүүдтэй хамтран ажиллаж эхэлнэ. Мөн дэргэдээ Бодлогын зөвлөл байгуулан, холбооны аливаа бодлого, шийдвэрийг шинжлэх ухаанч судалгаанд тулгуурлан гаргаж байхаар зорьж байна. Энэ утгаараа бид нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлуудад илүү судалгаатай хандаж, байр сууриа илэрхийлээд явна гэсэн үг.
-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлэхээр арваад хүн горилж байна. Танай холбоо эдгээр горилогчдоос хэнийг нь дэмжиж ажиллах вэ?
-Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр горилогчдоос хэн нь залуучуудтайгаа ойлголцож, нэг баг болж, цаашид дэмжиж ажиллах вэ, тэр хүнийг Ардчилсан залуучуудын холбоо дэмжиж ажиллана.
Сэтгэгдэл (7)