Манай Улсын нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Хөдөлмөрийн насны иргэдийн 55 хувийг бүрдүүлдэг ба 2016 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувь нь дээрх насны залуучууд байгаа юм. Их дээд сургууль төгссөн залуусын 21.7 хувь нь буюу 5 төгсөгч тутмын 1 нь ажлын байртай болдог гэсэн судалгаа байдаг. Энэ тоог ихэсгэх зорилгоор шинэ төгсөгч нарт зориулан МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллагуудтай хамтран “Төгсөгч-2017” хөдөлмөрийн яармагийг 4 дэхь жилдээ зохион байгуулах гэж байна.
Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 40 гаруй ажил олгогч байгууллага, 1200 гаруй ажлын байртай оролцох юм. Энэ үеэр шинэ төгсөгч нарт ажлын байрны мэдээллүүд, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажил байранд бүртгүүлэх, ярилцлагад орох зэрэг боломжийг олгоно.
Энэ үеэр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хувь хүний хөгжлийн чиглэлээр илтгэл лекцүүдийг зохион байгуулна. Мөн шилдэг CV шалгаруулах уралдааныг зохион байгуулж байгаа юм байна. Тус уралдаанд 2017 онд их дээд сургуулиа төгсөж байгаа залуучууд өөрийн CV-гээ бичиж, илгээх юм. Шилдэг 3 CV-ний эзнийг шалгаруулах бөгөөд ажлын байрны урилга, мөнгөн шагнал, зөөврийн компьютер, ухаалаг утасны шагналтай юм байна.
“Төгсөгч -2017” хөдөлмөрийн яармаг 2017 оны 5-р сарын 18-ны өдөр МЗХ-ны гадна талбайд 10-18 цагийн хооронд болно.