УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ сарын нэгнээс МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгдэх Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг эсэргүүцэж, Сүхбаатарын талбай дээр суулт зохион байгуулж буй. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Британ улсад суугаа Элчин сайд С.Баяр нарыг хугацаанаас нь өмнө огцрох ёстой хэмээн ийнхүү тэмцэж байгаа билээ. Тэгвэл МАНАН бүлэглэлийг уг үндэсээр нь устгахыг зорьсон хэмээн өгүүлэх Г.Уянгатай тэмцлийнх нь талаар ярилцлаа.
-Та суулт хийгээд нэлээд хэд хонолоо. Өнөөдрийг хүртэл нийт хичнээн хүн таныг тэмцлийг дэмжиж гарын үсэг зураад байгаа талаар яриагаа эхлүүлье?
-Одоогоор бид гарын үсэг зурсан хүмүүсийнхээ нэгдсэн дүнг хараахан гаргаагүй байна. Ойролцоогоор 5000 гаруй хүн гарын үсэг зурсан байх.
-Та бүхний тэмцэл өргөжиж маргааш жагсаал болох учиртай гэсэн. Энэ талаар?
-Маргааш буюу тавдугаар сарын 10 суултын сүүлчийн өдөр. Эл өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дүн тавих, түүнийг огцруулах цуглаан болно. Цуглааны үеэр Ерөнхийлөгчид хандаж бичсэн иргэдийн захидлыг Ерөнхийлөгчид гардуулж өгнө. Энд бид олуулаа цуглаж чадвал бидний шаардлага илүү хүчтэй, амжилттай байх болно. Маргааш 11 цагаас 15 цагийн хооронд болох суултад нэгдээрэй гэж ард түмэндээ уриалмаар байна.
-Суулт эхлэх үед таны хэлж байсан шиг тооны хүн суултын сүүлийн өдөр ирэхгүй бол та буулт хийнэ гэсэн байсан?
-Төрийн ордонд байгаа хүмүүс бол хэн нь хэн бэ гээд шалгагдчихсан. Харин монгол орныг идэж, туйлдуулж, тусгаар тогтонолыг нь залгиж байгаа энэ хүчийг эсэргүүцэх хүч монголын ард түмэнд байна уу, үгүй юу гэдгийг шалгахыг би хүссэн. Ийм тэмцлийн хүч ард түмэнд байхгүй бол үнэхээр харамсалтай байна. Гэхдээ би монголын ард түмэнд ийм хүч байна гэж найдаж байгаа учраас энэ тэмцлийг хийж байгаа. Надад ямар нэгэн зохион байгуулсан зүйл байхгүй учраас ирэх хүмүүсийн тоог хэлж мэдэхгүй байна. Бидний тэмцлийг дэмжиж гарын үсэг зурсан хүмүүс мөн тооны хүмүүстэй ирж дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Ард түмэн ямар нэгэн нам эвсэлийн гар хөл хэмээн цэрвэхвий гэдгээс болгоомжлоод ганцаараа энэ суултыг зохион байгуулсан гэдгийг энд бас хэлэх нь зүйтэй болов уу. Гэхдээ хэдэн ч хүн цугларсан бид зохих газруудад нь шаардлагаа хүргүүлэх болно.
-Тэгэхээр хүн цөөхөн цугларвал та бүхний тэмцэл ингээд өндөрлөнө гэсэн үг үү?
-Үгүй ээ. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хэмжээний хүч цугларахгүй байсан ч МАНАН бүлэглэлийн амийг таслах дараагийн тэмцэл байх ёстой. Ер нь МАНАН дэглэмийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа тэмцэл нэг удаагийн далайлтаар амжилтанд хүрэхгүй байж болно. Харин тасралтгүй, цуцалтгүй байж л амжилтанд хүрдэг. Энэ бол зөвхөн Г.Уянгын тэмцэл бус, Монгол орны тусгаар тогтонолтой байх уу, үгүй юу гэдэг том асуултын тэмдэгтэй тэмцэл учраас би бууж өгч, буцаж, няцаад байх зүйл байхгүй.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа тун удахгүй дуусах гэж байна. Заавал түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлага байгаа юм уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа нь дуусаад явах, хууль зөрчсөн учраас хугацаанаас нь өмнө огцруулах хоёр маш их ялгаатай зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаагаа дуусгаад ажлаа хүлээлгэж өгөөд амар тайван явбал 4 жил төрийн тусгай хамгаалтад байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу төрийн унаа болон холбоог үнэгүй хэрэглэж, насан туршдаа сайдын цалинтай тэнцэх хэмжээний цалин авдаг гэх мэтийн тусгай хангамжийг эдлэх болно. Харин түүнийг хугацаанаас нь өмнө огцруулбал Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлүүд нь шүүх цагдаад шилжих боломжтой болж, түүний үед батлагдсан Монгол Улсад хохиролтой гэрээ хэлэлцээрүүд болон бусад асуудлууд засагдах боломж бүрдэнэ.
-Тэгвэл яагаад заавал Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг огцрох талаар асуудал хөндөөд байгаа юм бэ?
-МАНАН гэх эзэн биегүй ард түмний бүдэг бадаг ойлгоод байгаа бүлэглэлийн тэргүүн, толгой, амин сүнс нь өөрөө Ц.Элбэгдорж, С.Баяр гэдэг хүмүүс юм. Тийм ч учраас С.Баярыг эргүүлэн татаач гэж Лондон дахь монголчууд тэмцэж байгаа бол бид энд Ц.Элбэгдоржийг огцруулах шаардлагатай гэж тэмцэж байна. Энэ бүгд уялдаа холбоотой. Энэ бүлэглэлийн амийг таслахгүйгээр гадны гар хөл, монголын төрд орж төлөөлж байгааг буюу ямар хууль батлах, ямар хууль батлахгүй байхыг хүртэл шийдэж байгаа холбоог таслан зогсоож чадахгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хугацаа нь дуусаад явлаа ч гэсэн түүний залгамжлагч гарч ирвэл энэ мангас өөрөө амьдарсаар байх болно. Тиймээс бид энэ амийг таслана гэдэг бол тэр аймшигтай мангасын гар хөл амьгүй болж, гадны тэжээл монголын төрд орж ирж бусниулдаг тэжээл нь тасрах юм. Тиймээс л Монголын эрх ашгийн залж удирдаж байгаа МАНАН бүлэглэлийн амийг таслах нь чухал байна.
Өнөөдөр энэ бүлэглэлийн гарт Монголын тагнуул, цагдаа, шүүх, прокурор, УИХ, Засгийн газар, банк санхүүгийн байгууллагууд, уул уурхайн баялаг гээд бүгд байна. Эрдэнэтийг хүртэл сая авчихлаа. Монголын төрийг буруу тийшээ өнхрүүлээд байгаа ийм хүчтэй бүлэглэлийн амийг тасална гэдэг бидний тэмцлийн амин чухал зорилго.
-Та бүхэн Лондогийн жагсагчидтай холбоотой байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Бид бие биенийгээ дэмжиж, хамтран тэмцэж байгаа. Г.Ичинхорлоо монголд биднийг суулт хийж байгааг дуулаад Лондонд бас 5 дугаар сарын 10 хүртэл суултаа үргэлжлүүлэхээр болсон. Өчигдөр Г.Ичинхорлоогийн ээж нь ирж биднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, гарын үсэг зураад явсан. Харин Ичинхорлоо Ерөнхийлөгчид тавьсан шаардлагынхаа хариуг нэхсээр байгаа. Хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлах болно гэдгээ гэрийнхэндээ хэлсэн байна лээ. Үүнд би маш их санаа зовж байна. Үнэхээр хүний амиар өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалыг солих хэмжээнд хүрсэн үү гэдэгт харамсаж байна.
-УИХ-ын гишүүн С.Жавхлан тантай хамтран Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг УИХ-д оруулна гэж байсан. Энэ асуудал юу болсон бол?
-Үүнийг С.Жавхлан гишүүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Гэхдээ миний хувьд горидож харсан хэвээр байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр сар байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ-д оруулах бүрэн боломжтой. УИХ энэ асуудлыг орууллаа л бол УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх хуулийн заалттай. Тиймээс УИХ-ын гишүүн асуудлыг оруулбал маш хурдан шийдэгдэх боломжтой асуудал. С.Жавхлан гишүүн үүнийг маш сайн ойлгож байгаа байх гэж бодож байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэлийг та тавиад хуулийн байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ талаар?
-Дээр хэлсэнчлэн МАНАН бүлэглэлийн бүтэц систем хуулийг байгууллагад ч ажиллаж байгаа учраас түүнийг хамгаалж байгаа хэрэг. Ер нь энэ бүлэглэлийн амийг хамгаалсан бүтэц систем байнга ажиллаж байгаа. Энэ бүтэц системд тагнуул, шүүх, прокурорт байгаа учраас хэргийг цааш явуулахгүй, хариуцлага тооцохгүй хамгаалж байна. Тиймээс л бид үүнийг орхиод гол цөм рүүгээ шууд хандаж байгаа юм.
-Суулт хийх энэ хугацаанд танд ямар нэгэн дарамт шахалт ирсэн болов уу?
-Ямар нэгэн дарамт шахалт надад ирэх боломж байхгүй. Яагаад гэвэл бид ямар ч зүйлийг дарамт шахалт гэж хүлээж авахгүй. Хэн юуг дарамт шахалт гэж хүлээж авдаг уу гэдгээс л хамаарна. Өчүүхэн төдий занах, дарамтлахыг дарамт гэж хүлээж авдаг бол тэр дарамт байх.
-Таныг саяхан намын даргаас нь огцруулсан. Энэ нь таны хийж буй тэмцэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой байсан болов уу гэх хардлага нийгэмд байна?
-Бүлэглэлийг бүхлээр нь олж хараад үүний эсрэг тэмцсэн, бүлэглэлийн атганд ороогүй учраас намайг хүчгүйдүүлэх гэсэн алхам. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намыг салгах ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө гардан зохион байгуулсан. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэрэгтэй, цагдаагаар эрэн сурвалжлагдаж, хоригдож байгаад гарч ирсэн залуу Дээд шүүхийг хуралдуулж, хууль бус шийдэр гаргуулах ажиллагааг зохион байгуулах боломж байхгүй. Үүнийг гагцхүү маш том эрх мэдэлтэй хүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн ажил гэдэг нь ойлгомжтой.
Гэхдээ хүч гэдэг намд байдаг зүйл биш. Хүч бол хүнд, зохион байгуулах чадварт байдаг. Миний намыг салгаж авсан учраас би дахин шинэ нам зохион байгуулна. Ийм боломж ч нээлттэй. Эв нэгдлийн намынхан энэ намыг гэхээсээ илүүтэй Г.Уянгын дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
-Тэгэхээр Г.Уянгын шинэ нам удахгүй мэндлэх нь ээ.
-Одоогоор Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй байна. Энэ шийдвэрийг хүлээж авсныхаа дараа зохих шатны байгууллагад нь гомдлоо тавина. Гэхдээ том хүч үйлчилж байгаа учраас энэ намыг авах л байх. Гэхдээ хуулийн дагуу бүх процессыг гүйцээх болно.
-Ер нь та яагаад Эв нэгдэл, тусгаар тогтонолын намыг эхнээсээ сонгосон бэ?
-Бие даагчдын хамтран зохион байгуулсан Бие даасан нам, Нэгдмэл монгол намыг Дээд шүүх бүртгээгүй. Тодорхойгүй шалтгаанаар хэд хэдэн удаа буцаасан. Тиймээс аргагүй эрхэнд Эв нэгдэл, тусгаар тогтонолын нам дээр эвссэн юм.
-Та Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчий эсрэг чамгүй олон удаа тэмцэж байгаа. Ер нь та хоёрын дунд ямар нэгэн эрх ашгийн зөрчил байдаг юм уу, эсвэл үүний цаана мөнгө, хэн нэгний явуулга байдаг юм уу гэх хардлага ч байж болох юм?
-Үнэндээ миний ард, намайг турхирч байгаа хэн нэгэн байхгүй. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй ямар нэгэн хувийн эрх ашиг, өс хонзон байхгүй. Тэр ч байтугай миний нөхөр намын дарга байхад нь удирдлага доор нь ажиллаж байсан. Дарга цэргийн харьцаатай хүмүүс. Харин Монгол Улсад болохгүй байгаагийн гол учир шалтгаан, идээ бээр нь гагцхүү Ц.Элбэгдорж, С.Баяр нарт төвлөрч байгаа учраас л үүнийг таслан зогсоохын тулд тэмцээд байгаа юм.
Нөгөөтэйгүүр, дээр хэлсэнчлэн гаднаас тэжээл аваад буй бүлэглэл болох Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг ч гадныханы гар хөл, савараас аврах бололцоо ч тэднийг өөрсдийг нь огцруулах энэ арга хэмжээ байхыг үгүйсгэхгүй. Би бас ингэж харж байгаа. Энэ бол нэг талаас Ц.Элбэгдоржийн эсрэг хийж байгаа зүйл мэт боловч нөгөө талдаа өөрийнх нь хувь хүнийнх нь төлөөх тэмцэл байж магадгүй юм шүү. Ц.Элбэгдорж, С.Баяр гэдэг хувь хүмүүсийг Рио тинтогийн савараас аврахын тулд энэ албан тушаалаас нь авч хаяах гэсэн тэмцэл байж болох юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (40)