МАХН-ын дэмжигчид Тусгаар тогтонолын талбай орчимд жагсаал зохион байгуулаад хэд хонож байна. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй гэж үзэж, ийнхүү жагсаал зохион байгуулж байгаа юм. Тэгвэл жагсаал болоод цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
-Та бүхэн жагсаал зохион байгуулаад гурав хонож байна. Энэхүү жагсаалд ямар, ямар хүмүүс оролцож байгаа талаар яриагаа эхлүүлье?
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур, эрх баригчдын гаргаж буй шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс эрхээ хамгаалахын тулд үзэл бодлоо илэрхийлж, МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордны ойролцоо жагсаал зохион байгуулж байна. Энэхүү жагсаалд “Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд”, “Эх орон эвсэл” болоод УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс, МАХН-ын гишүүд дэмжигчид, жирийн иргэд оролцож байгаа.
-СЕХ-оос МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэг шийдвэр гараагүй байхад та бүхэн яагаад ингэж жагсаал зохион байгуулж байгаа юм бэ?
-Өмнө нь явагдаж байсан хууль бус шийдвэрүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин давтагдаж, хууль хүчний байгууллага, СЕХ болоод бусад байгууллагаас гарах магадлал өндөр байгаа учраас бид ийнхүү тэмцэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхэд хандаагүй байхад нь шүүхэд хандсан мэтээр шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй хууль бус, ялангуяа эрх баригчдын захиа даалгавараар хийгдэж байгаа үйлдэл гэдгийг бид эсэргүүцэж жагсаал хийж байгаа юм.
-Тэгэхээр СЕХ түүний нэрийг бүртгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэх шийдвэр гаргах магадлалтай учраас л болгоомжилж энэ бүхнийг зохион байгуулж байгаа хэрэг үү?
-Тийм. Бид Н.Энхбаяр гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож, тэр хүнийг Ерөнхийлөгч болгуулах гээд байгаа зүйл огт биш. Ард түмэнд сонгох сонгогдох тэрхүү эрхийг нь өгөөч ээ, ард түмэнд сонголтоо өөрсдөө шийддэг байя, түүнээс бус ямар ч сонголтгүй сонгууль зохион байгуулчихаад тэр сонголтоо л хий хэмээн тулган шаардаж болохгүй. Ард түмэн сонголтоо чөлөөтэй хийх эрхтэй. Энэ эрхийг нь л хангаж өгөөч гэж тэмцэж байна.
-Танай намын зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлсэн гэж байсан. Энэ шаардлагынхаа талаар яриач?
-МАХН-ын саяхан аймаг, сум, нийслэл, дүүргийн гишүүдээ оролцуулсан “Бүх ард түмний их хуралдай” зохион байгуулсан. Энэ хуралдайд оролцсон гишүүд “2017 оны сонгуулийг шударга явуулах, нэр дэвшигч нараа улс төрийн ямар нэгэн өшөө хонзонгүйгээр, хууль хүчний байгууллага, СЕХ томилдог албан тушаалтан, байгууллагуудаас хууль бус шийдвэр гаргуулахгүй, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх талаар шаардсан албан шаардлагыг СЕХ болон Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Энэ албан шаардлагынхаа хариуг тун удахгүй нэхэж авна. Энэ шаардлага нь шударга сонгууль, шударга сонголтын эрхийг ард түмэнд өг өө л гэсэн гол агуулгатай шаардлага байгаа.
-СЕХ-оос Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргавал яах бол. Дараагийн төлөвлөгөө байгаа болов уу?
-Өнөөдрийн зохион байгуулж байгаа жагсаал цуглаан бол зөвхөн МАХН-ын үйл ажиллагаа биш. Энд маш олон хөдөлгөөн, эвсэл, жирийн иргэд оролцож байгаа. Тиймээс эдгээрийнхээ санал бодлыг сонгох болно. Бид 14 хоногийн хугацаатай жагсаал цуглаан зохион байгуулах албан бичгээ хүргүүлсэн. Энэ хугацаандаа яах эсэхээ шийднэ. Ер нь бидний хийж буй тэмцэл бол хэн нэгнийг хамгаалж байгаа асуудал биш, өнөөдөр энэ хүмүүс эх орон тусгаар тогтнол шударга ёсыг нийгэмд тогтоохын төлөө өөрийнхөө чөлөөт сонголтыг баталгаажуулахын төлөө эрхээ хамгаалж зогсож байгаа хүмүүс.
-Н.Энхбаярыг СЕХ бүртгэхгүй бол МАХН дараагийн хүнээр С.Ганбаатар, С.Нарангэрэл гэх хүмүүсээс сонголт хийж, нэрийг нь дэвшүүлнэ гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар?
-МАХН-ын Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэг л хүнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Бидэнд хоёр дахь хувилбар гэж байхгүй. Ер нь хууль хүчний байгууллагын гаргаж буй хууль бус шийдвэрийг дагаж, нэгэнт сонгуульд өрсөлдүүлэхгүй нь тодорхой боллоо, дараагийнх нь хүнийг сонгоё гэдэг ийм бодлогогүй шийдвэр гаргадаг нам нь манайх биш. Манай намынхан хууль хүчний байгууллагын удаа дараагийн хууль бус шийдвэрийг эсрэг тэмцэж, эсэргүүцэж ирсэн. Бид эцсийн үр дүндээ хүртлээ тэмцэнэ. Өөрөө хэлбэл хууль хүчний байгууллага болоод СЕХ хууль бусаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргавал бид цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно.
-МАН-ынхан танай намын дарга Н.Энхбаяртай уулзаж, тохиролцоо хийх гэсэн боловч амжилтанд хүрээгүй гэх мэдээлэл байна. Энэ үнэн болов уу намын гишүүний хувьд танд мэдсэн зүйл байгаа болов уу?
-Намын дарга нар уулзсан эсэх талаарх тодорхой мэдээлэл надад алга байна. Сүүлийн үед сонгуулийн далд сурталчилгаа явагдаж, Н.Энхбаяр даргын эсрэг худал мэдээлэл их гарч байгаа нь бол үнэн.
-Та бүхэн жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрлөө авсан уу. Өчигдөр /энэ сарын 9-ны өдөр/ “Эрхээ хамгаалъя” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Доёдыг баривчилсан байсан?
-Хуулийг эрх баригчид, эрх мэдэлтнүүд л уландаа гишгэж, өөрсөддөө ашигтайгаар тайлбарлаж, засдаг. Жирийн иргэд бол хуулийг дагаж мөрддөг. Бид жагсаал цуглаан зохион байгуулах тухай албан бичгээ хуулийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бичгээр хүргүүлсэн. Харин бидний хийж буй тэмцэл өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, олон дэмжигч ирж, байгааг эрх мэдэлтнүүд овжиноор ашиглаж, хууль бус хэмээн үзэж байна. Тэд “Эрхээ хамгаалъя” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Доёд гэх 70 гаруй настай хүнийг барьвчилж, Сүхбатаар дүүргийн шүүхэд аваачаад байгаа. Харин түүнд ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Бидний хүчнийг сулруулахын тулд Г.Доёд гуайг хорих шийдвэр гаргах байх гэж л бодож байна. Гэсэн ч бид бууж өгөхгүй. Ер нь чаддаг нь л өө сэв хайж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хааж, боогдуулах гэсэн оролдлого шүү дээ.
-Тэгэхээр энэхүү жагсаалыг зохион байгуулж байгаа гол хүн нь “Эрхээ хамгаалъя” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Доёд байсан гэж ойлгож болох уу?
-Үгүй ээ. Иргэн хүн эрхээ хамгаалж, үзэл бодлоо илэрхийлэхийн тулд эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэн иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нэгдээд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энд МАХН ч оролцон зохион байгуулсан нь үнэн. Гэтэл жагсаал цуглаан зохион байгуулах албан бичгээ өгсөн байгууллагын тэргүүнийг нь баривчиллаа.
-Тэгэхээр та үүнийг хууль хүчний байгууллагын зүгээс ирж байгаа дарамт шахалт гэх гээд байна уу?
-Тийм ээ. Бид албан бичгээ өгчихөөд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах гэхээр энэ мэтээр барьж хорьж байгаа нь дарамт гэхээс өөр аргагүй. Ер нь жагсаал зохион байгуулснаас хойш хүчээр тараах, газар дээр нь албан мэдэгдэл бичиж өгөх, олон удаагийн сануулга өглөө гэх мэтээр шүүх цагдаагийн байгууллагаар далайлгаж, сүрдүүлэх явдал их гарч байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (44)