БНХАУ-ын Засгийн газрын харъяа "Дун Ян" нийгэмлэг өнөөдөр “Монгол-Хятадын Найрамдал” сургуулийн сурагчдад тус бүр нь 300 юаны тэтгэлэг гардууллаа. Тэтгэлэгт амьдралын боломж тааруу, хагас болон бүтэн өнчин зургаан хүүхдийг сонгон хамруулсан байна.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааны үеэр тус сургуулийн захирал Жянь Шянь Мэй “Дун Ян" нийгэмлэгээс манай сургуулийн сурагчдыг сонгон тэтгэлэг гардуулсанд маш их баярлаж байна. Энэхүү нийгэмлэгээс сурагчдын сурах боломжийг дээшлүүлэх, идэвхи чармайлтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж жил бүр энэхүү тэтгэлгээ зарлан явуулах болно гэдгээ илэрхийлсэнд туйлын баяртай. Нийгэмлэгийн цаашдын ажилд нь амжилт хүсье” гэв.
Харин "Дун Ян" нийгэмлэгийн тэргүүн Жэнь Жэн Мин “Манай "Дун Ян" нийгэмлэг нь өнгөрсөн жил байгуулагдсан. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, боловсролын салбарт хувь нэмэрээ оруулахыг хичээдэг. Нийгэмлэгийн зүгээс өнгөрсөн жил МУИС-ын оюутнуудад тэтгэлэг олгосон. Энэ жил ч мөн энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Харин өнөөдөр "Монгол-Хятадын найрамдал" сургуулийн сурагчдад тэтгэлэг гардуулж байгаадаа баяртай байна. Нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (2)