Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд олон үйл явдал болж өрнөлөө. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүлээлгэн өгсөн бол УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав. Түүнчлэн үзэл бодол, эрх чөлөөгөө хамгаалах гэсэн иргэдийн жагсаал цуглаан Сүхбатаарын талбайд болоод Тусгаар тогтонолын ордны гадаа болов. Тэгвэл эдгээр үйл явдлуудыг "Багц 24" буландаа онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хороонд материалаа хүлээлгэн өглөө. Энэ үеэр нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болоосой гэж хүсч буйгаа илэрхийлж байлаа. Тодруулбал МАН-аас нэр дэвшигч М.Энхболд "Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна" гэв.
Харин АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга “Сонгууль шударга болно гэж найдаж байна” гэсэн юм. Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр “Сонгууль шударга явагдаасай. Шударга өрсөлдөөний үр дүнг ард түмэн мэднэ” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд өрсөлдүүлэх эсэхийг СЕХ гурав хоногийн дотор буюу энэ сарын 14-ний дотор шийднэ. Улмаар энэ сарын 17-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах юм.
.
УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм. Зөрчлийн тухай хууль нь 220 гаруй хуулинд туссан зөрчилтэй холбоотой ойлголтуудыг нэгтгээд буй. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ харилцан хамааралгүй зөрчлийн шинжүүдийг нэг зөрчил болгон нэгтгэсэн нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэрлэх субъектын харьяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим төрлийн зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй томьёолсон, мөн хуулийн ерөнхий анги нь хамарвал зохих, үүсч болзошгүй бүхий л харилцааг хамарч чадаагүй гэх зэрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэхээр байсан тул шинэчилсэн найруулгаар залруулж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад айлчиллаа. Тэрбээр энэ сарын 07-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхсан юм.
Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, батлан хамгааах болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, Аялал жуулчлал, оюутан солилцоог идэвхжүүлэх талаар ярилцаж, Монгол Улсын ХНХЯ, БНСВУ-ын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн хамгааллын асуудлаарх яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Харин айлчлалын хоёр дахь өдөр тэрбээр Монгол, Вьетнамын бизнес уулзалтад оролцсон. Уг уулзалтад Монголын 40, Вьетнамын 23 бизнес эрхлэгч оролцож, хамтран ажиллах боломж, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар хэлэлцсэн юм. Уулзалтын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж, түүх соёлын өвтэй танилцсанаар түүний айлчлал өндөрлөв.
Нийслэлийн 116 дугаар сургуулийн сурагчид өнөөдрөөс хичээл хаялт зарлалаа. Тодруулбал, тус сургуулийн 7-12 дугаар ангийн долоон сурагч чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаагаа болон 116-р сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Д.Сарантөгсийг шалтгаангүйгээр ажлаас нь халсан үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм . Сурагчид эцэг эхчүүдээ дуудан, хамтдаа эрхээ хамгаалуулахыг хүссэн бөгөөд зарим эцэг эхчүүд нь ирж, хүүхдийнхээ үзэл бодлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарчээ. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр 69 машинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авсан байна. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпиталь руу шуурхай авч ирж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээллээ.
Тус сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм. Осолд орсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэх мэдээллийг эх сурвалжууд мөн мэдээллээ. Дашрамд сануулахад, тус сургалтын төвд өнгөрсөн сард тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тэгвэл энэ удаад мөн хоёр алба хаагч осолдсон хэрэг гарсан байна.
Эхнэрээ зээ дүүтээ нь хамт 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө хөнөөсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Өргөнталыг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Хурлаас Өргөнталыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллалаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.
Сэтгэгдэл (10)