Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаарх эргэлзээ, тээнэгэлзэл энэ өдрүүдийн сэдэв байлаа. Бүдрэх айдастай бүртгэл ч гэж зарим хэвлэлүүд онцолж, бүртгэлийн цаана олон зүйл нуугдаж байна хэмээн иргэд шуурав. Энэ бухимдал ганц хүнд илүү хамаатай. Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөх эрхээ ганц “Хүү”-гээрээ нүүж авсан МАХН дарга Н.Энхбаярыгаа нэр дэвшүүлсэн. Мэдээж улс төрийн хүчний хувьд өнөөгийн улс төрийн рейтингийг өнгөлж яваа, ялах магадлалтай хүнээ сонгуульд сойх нь зүйн хэрэг. Гэхдээ хууль дүрэм гэж бий.
АТГ-аас Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусаагүй хэмээн мэдэгдсээр байтал зөрж нэр дэвшүүлсэн нь их л танил сценари. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр төрх мэт. Магадгүй үзээд алдах нь зөв гэж бодсон биз. Гэвч тааварлаж байсанчлан Сонгуулийн Ерөнхий хороо Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. МАХН-ынхан ийм шийдвэр гарах магадлалыг тооцоолж байсан. Тиймдээ ч өчигдөр СЕХ-ны хурлын үеэр үймээн тарьж, төрийн тусгай хамгаалалтынхныг “хурд” авахуулав. Уг нь хуулиараа тус хорооны хурал нээлттэй явагдах ёстой аж. Энэ талаар 2016 оны 3 дугаар сарын 2-нд баталсан тогтоолдоо тусгажээ.
Улмаар Н.Энхбаяр нарын зүгээс өнөөдрийн хуралд оролцох хүсэлтээ албан ёсоор уламжилж, 12 цагт иртэл тэднийг оруулаагүй тул дэмжигчид нь эсэргүүцэж, үймээн тарьж, СЕХ-г цагдаагийн хамгаалалтад авахад хүргэсэн юм. Нэлээд тэмцэл хийсний эцэст Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан, Б.Цог нарын гурван хүн хуралд оролцсон ч наанадаж 20 хүн орох ёстой гэсэн МАХН-ын дэмжигчид Н.Энхбаярыг гарч иртэл цагдаа, хууль хүчнийхэнтэй “тулсан”. Зарим нэгийг нь цагдаа нар баривчлахад хуулийн байгууллагуудыг удирдаж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бус үйл ажиллагаагаа зогсоо хэмээж байв. Цаг орчмын дараа Н.Энхбаяр хурлаас гарч ирэнгүүтээ ажлаа хийсэн цагдаа, тусгай албаныхныг “Та нар Монгол Улсыг луйварчидтай хамтарч идэхгүй шүү” хэмээн зандраад авна билээ.
Магадгүй ийм үйлдэл гаргаснаараа Н.Энхбаяр нэр дэвшигчдийн сунгаанаас хасагдсан байх талтай. Учир нь Сонгуулийн Ерөнхий хороо бол улс төрөөс ангид байх ёстой. Энэ байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нам байтугай улсын Ерөнхийлөгч ч оролцох эрхгүй. Тиймээс Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхны энэ үйлдлийг Сонгуулийн Ерөнхий хороонд нөлөөлөх гэсэн оролдлого гэж харагдсад цөөнгүй байна. Мөн улс төрийн намууд энэ өдөр ямар нэгэн хөдөлгөөн гаргахгүй байхыг чухалчилдаг. Эгзэгтэй цаг үед эрсдэлтэй алхам хийдэггүй. Харин МАХН хөдөлгөөнтэйгээр барахгүй, ширүүхэн дайралт хийж, хурал үймүүлснийг харахад аргаа барсан үйлдэл гэж ажиглагчид хэлж байна. Хэдийгээр намуудад 17-ныг хүртэл алдаагаа засах эрх байдаг ч МАХН-ын хувьд боломжгүй юм. Ял шийтгүүлж байгаагүй, таваас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх гэсэн заалтуудыг яагаад ч засах боломжгүй юм. Тиймээс тэдэнд нэрээ татах эсвэл өөр хүнийг нэр дэвшүүлэх эсвэл бүр өөрөөр аль нэг нам, эвсэлтэй хамтрах гэсэн сонголтууд үлдэж байх шиг.
Уг нь өнөөгийн парламентад үнэмлэхгүй олонх болж, эрх мэдлийг атгаж буй МАН тус намд боломж олгосон. Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх шийдвэр гарсны дараа МАН-ын удирдлагууд Н.Энхбаяртай уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч хавсрах санал тавьсан ч тэрбээр Ерөнхий сайдын суудалд санаархсан тул яриа хэлэлцээрийг гацаанд оруулсан гэх. Тэгэхээр Н.Энхбаяр өөрийн гаршсан улс төрийн тоглолтуудаа хийж, дангаар өрсөлдөх үү эсвэл Ардчилсан намтай гар барих уу.
Уг нь хэвлэлүүд хэрэв Н.Энхбаярыг СЕХ бүртгэхгүй бол МАХН, АН-ын нэр дэвшигчийг дэмжих нь тодорхой. Угтаа бол МАН-ын саналыг хуваах байдлаар сонгуульд оролцох магадлалтай. АН-тай хийж буй тохироо нь намын даргаа ялаас нэг мөсөн чөлөөлөх байх уу, эсвэл мөнгө төгрөг үү гэдэг нь тодорхойгүй хэмээн бичиж байгаа.
Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлаж сурсан нэгэн. Өнгөрсөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-ынхан мөн л намын даргаа өрсөлдүүлнэ хэмээн жагсаал цуглаан хийж, ялаас мултлах ёстой хэмээн улс төр хийж байсан удаатай. Сонгуулийн Ерөнхий хорооны гадаа үймээн тарьсан жагсагчид өчигдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Эрх чөлөөний талбайд жагсаал цуглаан хийх хүсэлтээ гаргахаар болсон. Хэрэв хүсэлтийг нь хүлээж авахгүй, Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ ч мэдэгдчихээд байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн ярьж байгаагаар хөдөө орон нутагт 50 гаруй хүн суулт зарлахад бэлэн байгаа гэнэ билээ. Тэгэхээр энэ удаа ч гэсэн ийм зарчмаар улс төр өрнөж, хаврын синдромыг үргэлжлүүлэх үү. Ямартай ч эрхэм Н.Энхбаярын шийдвэр хаврын улстөрийн халууныг хэмжих нь...
Б.Ариун 24tsag.mn
Сэтгэгдэл (42)