Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өчигдөр болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшичдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчид хүч үзэхээр Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын Хувьсгалт намаас Намбарын Энхбаяр нар дэвшихээр бичиг баримтаа СЕХ-нд гардуулан өгөөд байсан. Тэгвэл СЕХ М.Энхболд, Х.Баттулга нарыг бүртгэж, Ерөнхийлөгчид нэр дэвших үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн байна.
Харин МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, бичиг баримтаа бүрдүүлээд байсан Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан юм. Түүнийг гурван шалтгаанаар бүртгэхээс татгалзсан байна.
1. Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.
2. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.
3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан байна.
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр СЕХ-оос бүртгэхээс татгалзсан хариу авсныхаа дараа өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "СЕХ хуулиараа нээлттэй ил тод байх ёстой гэсэн зарчимтай. Үүний дагуу хүсэлтээ тавьж хуралд оролцлоо. Бид хоёр асуудлаар үнэн зөв тайлбар өглөө. Би 2009 оны Өршөөлийн хуульд хамрагдаж, ялгүй болсон гэдгийг тайлбарлалаа. Угаасаа би ялгүй.
Хоёрдугаарт, Монгол Улсад сүүлийн таван жил байнга оршин суусан байх ёстой гэсэн асуудал байгаа. Үндсэн хуульд тухайн нэр дэвшигч Монгол Улсын нийгэм эдийн засгийнхаа хувьд тодорхой мэдлэг мэдээлэлтэй юу гэдгийг л тогтоох гэсэн заалт. Тэгвэл би МАН-аас нэр дэвшиж байгаа М.Энхболд, АН-аас нэр дэвшиж байгаа Х.Баттулга нараас Могол Улсынхаа улс төр, нийгэм, эдийн засгийн талаар илүү биш юм аа гэхэд дутуу мэдээлэлгүй гэж үзэж байна.
Харин тухайн иргэнийг байнга оршин суудаг хаяг дээрээ амьдардаг эсэхийг тухайн хорооны Засаг дарга тогтоодог. Би сүүлийн хоёр жил СБД-ийн наймдугаар хорооны 3-ын 100 тоотод оршин суусан. Хаа нэг газар руу шилжиж суугаагүй. Тиймээс байнга оршин суусан гэдгээ нотлож чадна.
Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу эмчилгээнд БНСУ болон бусад улс руу түр хугацаагаар яваад ирсэн. Хэрэв би гадаадад оршин суусан бол хаягаа өөрчлөх, тусгай виз авах, эсвэл тэнд ажил хийж, амьдарч, цалин авах гэх мэтээр харилцаа үүссэн байх учиртай. Би БНСУ болон бусад орноос тухайн оронд оршин суусан эсэх мэдээллээ авсан. Тэрхүү мэдээллээр бол би хаана ч оршин суугаагүй. Харин түр хугацаагаар орж гарсан. Тэр бүү хэл зургаан сараас илүү хугацаагаар оршин суугаагүй. Надад тийм ч хүсэл байхгүй. Би монголдоо л төрсөн, монголдоо л үхнэ. Монголынхоо төлөө зүтгэнэ. СЕХ биднийг хуралд оролцуулахгүй байх шалтгаанаа тайлбарлаж чадахгүй байсан. Цагдаа болон төрийн тусгай албаныханд хандаж хэлэхэд та нар Монгол Улсын луйварчидтай хамтарч идэхгүй шүү. Та нар луйварчдын хамгаалагч болж болохгүй. Эзэн Чингис хааны сүр сүлд биднийг харж байгаа шүү. Монгол Улсдаа монголын ард түмэн сайхан амьдрах ёстой . Монголчууд айж сандарч, эрхээ хасуулж, өмчөө булаалгаж, зодуулж жанчуулж, амьдрахгүй шүү гэдгийг хэлмээр байна.
Монгол Улс бол Монголын ард түмний төлөө л оршин тогтнож байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр гэсэн гурван хүнийг л өрсөлдүүлчих л дээ. Ард түмэн хэнийг сонгохоо өөрсдөө мэдэж байгаа шүү дээ” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ “Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд манай намын зүгээс оролцох хүсэлтээ албан ёсоор өчигдөр гаргасан. Гэвч СЕХ уг хуралд оролцуулахгүй байна. Энэ хуралд оролцохын тулд нам эсвэлээс хүсэлт гаргадаг. Бид хуулийн дагуу хүсэлтээ өгч энэ хуралд ажиглагчаар орж, шаардлагатай тохиолдолд биечлэн тайлбар өгөх гэтэл төрийн тусгай хамгаалалтынхан шатан дээр хааж зогсчихоод оруулахгүй байна. СЕХ битгий оруул гэсэн тушаалыг өгчихөөд байна. Өнөөдөр ард түмэн Н.Энхбаярыг ялуулаад өгөөч гэж гуйгаагүй.
Зөвхөн сонголтоо хийх эрхийг нь гаргаад өгөөч гэж байна. Хөдөө орон нутагт 50 гаруй суулт зарлачихаад байна. СЕХ-ны хурал нээлттэй явагдах учиртай. Тодруулбал Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 сарын 2-ны өдрийн тогтоолд хуралдааны дэгийн 1-4-т СЕХ-ны хурал нээлттэй ил тод явагдах бөгөөд хуралдааны шийдвэрийг ил тод мэдээлнэ гэчихсэн байгаа. Гэтэл СЕХ энэ хуралдааны дэгээ дагаагүйгээс ийм байдал үүслээ. Нэг зүйлийг энд хэлмээр байна. 2008 оны 7 дугаар сарын нэгний үйл явдлыг ард түмэн мартаагүй. Үнэхээр ард түмний зүрхэнд шар ус хуруулсан аймшигтай үйл явдал болсон. Энэ үйл явдал тухайн үед сонгуулийн луйвраас болсон. Өнөөдөр ард түмэн маш их бухимдалтай байна. Долоон сарын нэгэн шиг үйл явдал давтагдах вий гэж маш их болгоомжилж байна. Цэрэг, цагдаа хагарал үүсгэж байна” гэв.
Б.Энхжин
Сэтгэгдэл (82)