Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах гэж буй талаар Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт дээрх асуудлаар хувийн мэдэгдэл хийсэн юм.
-Удахгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Та үүнд яагаад эсрэг байр суурьтай хандаж байгаа юм бэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр эрх барьж байгаа хүмүүс хайнга, хайхрамжгүй хандаж байна. Зориуд ингэж ашиглаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хуучин үйлчилж байсан хуулиараа бол 62 хоногийн өмнө нийтэд зарлаж, тэр төслөө хэлэлцүүлэх ёстой. Гэтэл цаг алдаж өдий хүргэчихээд одоо тэр хуульдаа өөрчлөлт оруулна гээд хоёр хоногийн өмнө Засгийн газрын хурлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал дэмжигдээд явсан байна. Тэр нь юу вэ гэхээр 21 хоногийн дотор хэлэлцүүлэг хийхээр хуулийг өөрчилж байна.
-Тэгэхээр та богино хугацаанд санал асуулга явуулах гэж байна гээд эсэргүүцээд байгаа хэрэг үү?
-Та бүхэн жишээлээд бодоод үз. Ямар сэдвээр хэлэлцэж байгаа, түүнийг дэмжиж байгаа, буруу гэж үзэж буй олон үзэл санаануудыг нэгтгээд түүнийгээ хүмүүсийн сонорт хүргээд тэр дундаас зөв бурууг нь шүүж ялгаад ард нийтийн санал асуулгад орж үгээ хэлэх ёстой. Тэгэхээр 21 хоногийн дотор юу ч хэлэлцэж, хийж амжихгүй. 1992 оны Үндсэн хуулийг бид бүтэн хагас жилийн хугацаанд хэлэлцүүлсэн. Давхардсан тоогоор сая гаруй хүн саналаа ирүүлсэн байдаг. Мөн төслийг нь сонин хэвлэлд тавьж, телевизээр цацсан, явж хэлэлцүүлэг хийсэн. Тайлбарласан, маргаантай асуудлаар янз бүрийн байр суурь гаргаж байлаа. Ингэж явсаар байгаад ухаандаа сая гаруй хүний санал авч байж Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлгэнд бэлдэж байсан. Гэтэл одоо 21 хоногийн дотор хэлэлцүүлэг явуулж, санал асуулга авна гэж байна. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж явуулах юм байна.
-Яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгуультай хамт давхцуулж зохион байгуулах гээд байна гэж та харж байна вэ?
-Би үүнтэй холбоотой маш хариуцлагагүй зүйл сонссон. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийх гэж байгаа нь зардал их гарна гэдэг шалтгаан гэсэн. Үндсэн хууль гэдэг нэг өөрчлөгдөөд нэг зөрчил гарчихвал өдөр болгон, жилийн дараа өөрчилж суудаг зүйл биш. Үүнээс болоод төрийн болоод ард түмний амьдралд асар их өөрчлөлт орж, улс оронд хохирол учирдаг. Тиймээс Үндсэн хуульд нэгэнт нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол мөнгө харамлаж болохгүй. Хийсэн шиг хийгээд хэлэлцсэн шиг хэлэлцэх хэрэгтэй. Түүнээс биш дүр эсгэсэн байдлаар өөрчлөлт хийж, улс орны самрахыг хүлээн зөвшөөрөхгүй.
-Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гээд байгааг та анзаарсан байх?
-Зөвлөлдөх санал асуулгын хуулийг өнгөрсөн намар баталсан. Одоо түүгээрээ түрий бариад явах гээд байна. Зөвлөлдөх санал асуулгаар зургаан асуудал хэлэлцээд дөрвөн асуудал үлдсэн байсан. Харин одоо ард нийтийн санал асуулгаар үлдсэн дөрвөн асуудлаа хэлэлцүүлнэ гэж байна.
Гэтэл зөвлөлдөх санал асуулгад оролцсон 1500 хүний унагасан 2 асуудлыг ард түмэн хэлэлцэх ёстой гэж үзэхийг хэн байг гэх юм бэ. Энэ мэтээр 1500 хүнээр л бүхнийг шийдүүлээд байж болохгүй. Уг нь анхандаа эдгээр хүмүүс асуудал шийдэхгүй, энэ хүмүүстэй асуудлаа нухацтай ярилцаж, тэндээс гаргасан саналыг нь ард түмнээрээ хэлэлцэнэ гэж байсан ч эргээд нөгөө хүмүүс нь асуудал шийддэг болоод зургаан асуудлын хоёрыг нь унагачихсан байх жишээтэй. Зөвлөлдөх санал асуулга нэрээр цөөн хүмүүсийн эрх ашгийн төлөө ийм зүйл хийж болохгүй гэдгийг би өмнө нь сануулсан, одоо ч дахин сануулъя.
-Зүй нь бол яаж явах ёстой юм бэ?
-Ард нийтийн санал асуулгын УИХ гэх хууль тогтоох байгуулгаас илүү өндөр түвшинд шийдвэр гаргах асуудлаар ард нийтээс санал асуулга явуулах учиртай. Манай улс өмнө нь тусгаар тогтнолын асуудлаар нэг удаа ард нийтийн санал асуулга явуулж байсан. Санал асуулгыг маш ойлгомжтой асуулттай, тийм үү, үгүй үү гэсэн хариулттай хэнд ч ойлгомжтой байхаар явуулдаг. Ингэхдээ төр засгийн төв хэвлэл дээрээ асуулгаа тавиад түүнийгээ тойруулж, хэлэлцүүлэг өрнүүлж, нухацтай шийдэхгүй учиртай.
Гэтэл одоо санал асуулга явуулах гэж байгаа зүйл нь маш ойлгомжгүй, жирийн иргэд бүү хэл хуульч миний бие ч ойлгоход бэрх байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журам гэж байдаг гэтэл энэ явуулах гээд байгаа санал асуулга нь түүнийгээ хүртэл зөрччихсөн байгаа.
-Ингэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж яаравчилж байгаагийн цаана ямар нэгэн шалтгаан байгаа юм болов уу. Та юу гэж хардаж байна вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ингэж Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл Ерөнхий сайд дээр бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн санаа байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд дээр эрх мэдлийг төвлөрүүлнэ гэдэг бол намууд төрийн, гүйцэтгэх засаглалын бодлогод оролцох энэ боломжийг хадгалж үлдэх гэсэн зорилго тавьж байна гэж харж байгаа.
Үндсэн хуульд яамдуудын нэрийг жагсаая гэж байна. Гэтэл энд ямар ч ашиг байхгүй. Мөн УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байж болохгүй гэх мэтийн өнөөдөр зайлшгүй шийдвэрлэх асуудал биш, зөвхөн өөрсдөд нь ашигтай асуудал болоод байгаа зүйлүүдийг л шийдэж авахын тулд ийм явуургүй зүйл хийж байна. Гэтэл энэ нь богинохон хугацааны дараа эргээд өөрсдөд нь, монголын төр улсад ямар их хор хохирол бэрхшээл учруулах вэ гэдгийг бодохыг ч хүсэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Төр ард түмнээрээ асуудлаа шийдүүлэх бус, ард түмнийг шийдвэр гаргахдаа ашигладаг хэрэгсэл болгох гэж байгаад харамсаж байна.
-Ард түмний санал асуулга явуулж, асуудал гарвал эргээд хариуцах эзэн нь ард түмэн болно гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Эрх баригчид төрийн том ажил, Үндсэн хуулиа 100 жилд нэг хөдөлгөдөг энэ ажилд дэндүү гоомой хандаж байна. Хоёрдугаарт, үнэхээр ард иргэдийг басамжилж байна. Эднээс санал авсан дүр үзүүлнэ. Тэгээд сүүлд нь асуудал гарахад эргүүлээд ард нийтийн санал асуулгаар батлагдчихсан юм чинь буруу, зөв нь хамаагүй гэх гээд байна. Үндсэн хуулийн нэг хэсэгт өөрийнхөө хүссэн өөрчлөлтийг өөрчлөлтийг хийчихээд цаашид төр улсад ямар аюул дагуулах вэ гэдгийг олж харахыг ч хүсэхгүй байна. Энэ байдлаараа цаашаа үргэлжлэх юм бол жинхэнэ Үндсэн хуулийн хямралд хүргэнэ. Улс орон төрийн хямралд хүргэх гээд байна. Тиймээс эрх баригчид зориуд ийм богино хугацаанд хэлэлцүүлгийг хэлбэр төдий хийж, зохион байгуулах гэж байгааг би анхааруулахыг хүсч байна. Үүний хариуцлагыг хэн нэгэн хүн хүлээх хэрэгтэй.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь улс орны хувь заяатай дэндүү хамраалатай асуудал учраас энэ намын дарга ч юм уу, эсвэл хуулийн төсөл санаачилсан ажлын хэсгийн дарга ч юм уу, хэн нэгэн хүн эцсийн дүндээ асуудал үүсвэр би хариуцлагаа хүлээнэ гэдгээ ард түмний өмнө хэлэх хэрэгтэй.
Б.Энхжин
Сэтгэгдэл (15)