Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.23
11
Өдөртөө
0
Шөнөдөө

24 баримт: Н.Энхбаярын зөвлөх байсан, С.Батболдоор шагнуулж явсан С.Ганбаатар

2017 оны 5 сарын 17

МАХН-ын Бага чуулганаар С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон. Бага чуулганаас өмнө тус намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарын нэрийг дэвшүүлэх шийдэлд хүрээд байсан ч нууц санал хураалтаар С.Ганбаатар хамгийн олон санал авч, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон байна. Ингээд 24tsag.mn сайт 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас Х.Баттулгатай өрсөлдөхөөр эрхээ авсан С.Ганбаатарын тухай 24 баримтыг хүргэж байна.


 

 

Баримт 1. С.Ганбаатар Баянхонгор аймагт төрсөн ч Дархан хотод өссөн. Айлын ууган хүү.


Баримт 2.  Монголд хамгийн анх фенг шуйг дэлгэрүүлж, сүлжээ дэлгүүрээрээ багагүй ашиг олсон. С.Ганбаатарыг багш гэж дууддаг хүмүүсийн ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг.


Баримт 3. Тэрбээр 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай хамт эрх баригчдыг зад шүүмжлэн иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан жагсагчдын нэг.

 
Баримт 4. 2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч болсон.

 

Баримт 5. Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн байсан. Харин түүний ажлыг уламжилж авсан Б.Лхагважав МАН-аас парламентын танхимд түүнтэй мөр зэрэгцэн суусан.

 
Баримт 6. Үндэсний хөдөлмөрийн Нам байгуулсан ч намын дүрэм нь хууль зөрчсөн гэж үзсэн тул Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тэрбээр нэг хэсэг дахин нам байгуулах гэж оролдоогүй, намчирхлаас хол байна гэдгээ дахин дахин хэлэх болсон ч 2016 онд ХҮН-ын даргаар сонгогдсон ч зөрчилдөөнөөс болж намаасаа ч, даргын суудлаасаа ч татгалзсан.


Баримт 7. Эхнэр, гурван охины хамт амьдадаг. Түүний гэр бүлийн хүнийг Б.Тунгалаг гэдэг бөгөөд эдийн засагч мэргэжилтэй аж. С.Ганбаатар өмнө нь амьдрал зохиож байсан, нэг охинтой.


Баримт 8. С.Ганбаатар долоон их, дээд сургуульд сурсан гэж ярьдаг ч ихэнх нь худлаа байсан нь илчлэгдсэн. Оросын Новосибирскт геодезийн дээд, цахилгаан техник, уул уурхайн дээд сургуульд сурч байсан. Мөн эдийн засагчаар Лондонд хотод, Хаммерсон Твестона гэдэг сургуульд Сантехникийн инженер мэргэжлээр сурч байсан гэдэг.

 


Баримт 9. Анх Хөрөнгийн биржийн мэргэжилтэн гэж хуурамч бичиг аваад хэлний курст суух гэж Англи руу явж байжээ. Очоод гудамжинд хог шүүрдэх, аяга угаах зэрэг янз бүрийн ажил хийж байв.


Баримт 10. Тэрбээр багадаа дэлхийн сонгодог зохиолууд, И.Ганди, Ж.Неругийн номуудыг бүгдийг нь уншсан гэдэг.  Найм, аравдугаар ангид үздэг түүхийн сурах бичгүүдийг дөрөвдүгээр ангидаа уншаад дуусгасан тухай дурсчээ. Мөн хөл бөмбөгөөр хичээллэдэг байв.

 

 
Баримт 11. С.Ганбаатар хэвлэлд анх удаа ярилцлага өгөхдөө "Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүсээс хэнийг шүтдэг вэ?" гэсэн асуултанд "А.Гитлер" хэмээн хариулж байсан гэдэг. А.Гитлер үйлдвэрчний эвлэлээс улс төрд орж байсан тул үүнтэй нь зарим хүн адилтган ярьдаг.


Баримт 12. “Англи хэл сурах нь” гэх зэрэг хэд хэдэн ном бичсэн. Түүний унших дуртай ном нь Доналд Краусын “Удирдах арга” /1997/, Адам Смитийн “Үндэсний баялаг” /2010/ гэх мэт эдийн засаг, хүний хөгжлийн тухай англи хэлээр хэвлэгдсэн номууд байдаг. Тэрбээр англи, орос хэлтэй.

 

 

Баримт 13. С.Ганбаатар одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад түүний эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. Улс төрчдийн талаар илэн далангүй үзэл бодлоо хэлдэг тэрбээр Н.Энхбаярыг авлигын хэрэгтэй холбогдсон талаар ам нээх дургүй байдаг.


Баримт 14. Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллах болсон талаар нь асуухад “Гэнэтхэн эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллана уу гэсэн урилга аваад маш их баярласан. Би улстөрд ингэж орно гэж бодоо ч үгүй. Төрийн ордонд тийм гоё хивс, мебельтэй, 24 цагийн интернэттэй, нарийн бичгээрээ цай зөөлгөдөг ажлаа золиослоод гудамжинд гараад талбай дээр гэр бариад цагдаа нартай зодолдоод явна гэдэг хэцүү шүү дээ”  гэж ярилцлага өгч байжээ.


Баримт 15. Түүнийг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн хэвлэл мэдээллийг хэрэгслээр нэлээд хэдэн сарын өмнө мэдээлж ирсэн. Энэ нь Н.Энхбаяр С.Ганбаатарыг урьсантай холбоотой гэх.

 


Баримт 16. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос зохион байгуулдаг “Алтан сарнай 2012” наадмын шилдгийн шилдэгээр С.Ганбаатарыг тодруулсан. Энэ нь түүнийг нэг хэсэг МАН-д элсэх гэж байна гэх хардлагыг улам дэврээсэн юм.


Баримт 17. 2012 оны сонгуулийн өмнө УИХ-д өрсөлдөхгүй гэж байсан ч тэрбээр гэнэт бие даан нэр дэвшихээр болсон юм. Түүнийг МАН-аас нэр дэвшинэ гэх яриа тарсан ч  даруй эрс үгүйсгэсэн. Мөн ИЗНН-ын бага хуралд сууж харагдсан нь энэ намд орох гэж байна гэх хардлагыг төрүүлэв. С.Ганбаатар эхлээд Хан-Уул дүүргээс нэр дэвших байсан ч энэ тойргоос гарах магадлал муутай гэж үзсэн тул Дархан-Уул аймгаас нэр дэвшсэн.


Баримт 18. “Сант Марал” төвийн судалгаагаар тэрбээр Монголын топ улс төрчдийн хэд хэдэн удаа өнгөлж байсан.

 


Баримт 19. С.Ганбаатар 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймагт 53,79 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан


Баримт 20. Тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “Сайн хүү” гэдэг дууг шинэ хип хоп хамтлагаар дуулуулж, клипэнд нь тогложээ. Энэ дуу нь “Сайн хүүгийн сэтгэл ГАН төмөр мэт бат бэх, БААТАР мэт зоригтой байх болтугай” гэдэг үгтэй. Түүний аавыг Сайнхүү гэдэг бөгөөд өөрийнхөө нэрийг ч дуундаа оруулаад амжсан.


Баримт 21. Тэрбээр шинэ УИХ-ын гишүүдийн тангараг өргөх ёслолын үеэр ганцаараа зангиагүй ирсэн. Түүнийг зангиагүй ирснийг харсан зарим хүн “Тангарга өргөх ёслол дээрээ зангиагүй ирлээ, танхай гишүүн болох нь дээ” гэж жиг жуг ярилцаж байв.

 

Баримт 22. Фенг шүйгийн төвөө зараад гадаад хэлний хоёр төв, нэг бизнесийн компанитай үлдсэн. С.Ганбаатар “Хэрэв улстөрчид ажлаа аятайхан хийж байсан бол би Монголын №1 бизнесмэн байх байсан гэдэгт мөрийцсөн ч болно” гэж өөрийгөө тодорхойлжээ.


Баримт 23. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг сайд болох магадлалтай хүн гэж нэг хэсэг бичив. Харин тэрбээр “Надад сайдын ажил хэрэггүй. Бүр Ерөнхий сайдын суудал өгсөн ч би авахгүй. Би ард түмнийхээ төлөөлөл болж хараат бус байдлаар УИХ-д байгаа нам бүлэглэлүүдийг хянах л зорилготой” гэж хариулсан байдаг.

 

Баримт 24. С.Ганбаатар  хэд хоногийн өмнө Н.Энхбаярыг СЕХ бүртгэж аваагүйтэй холбоотойгоор  "МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. МАХН-ыг иргэний хөдөлгөөн, эвслүүд дэмжиж ажиллаж байгаа. МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. ОУВС, Рио тинто Монгол төрийн эрх барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас  Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаалд ирээрэй.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. Миний хувьд гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна"  хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 2
  • 0
  • 3
  • 2
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан