Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлжээ. Тус нам хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, нэр дэвшигчийн намтар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшүүлсэн намын дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж ирүүлсэн байна.
СЕХ-ны Ажлын хэсэгМАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм.
Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхныхаа гаргасан шийдвэрийг үл зөвшөөрөн эсэргүүцэл зарлаад байгаа билээ. Тэрбээр “МАХН 114 мянган дэмжигчтэй. Энэ том нмыг дээд боловсролтой эсэх нь тодорхой хүн төлөөлж болохгүй. Би МАХН-ыг төлөөлж УИХ-д сууж байгаа ганц гишүүн. Албан бичигээ Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлж, С.Ганбаатарыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлнэ. Намайг намаасаа гарах нөхцөл байдал руу түлхэж байна” хэмээн мэдэгдэж өнөөдөр Төрийн ордонд шуурхай хурал зарлаад байгаа. Хэрвээ О.Баасанхүү МАХН-аас гарчихвал С.Ганбаатарт "чөдөр" болно гэж харах хүмүүс цөөнгүй байна. Тэгвэл энэ талаар эх сурвалжууд УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарсан, гараагүй С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй гэж байна. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарсан ч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа явагдах үед МАХН парламентад суудалтай байсан гэдэг утгаараасаа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой аж.
Сэтгэгдэл (10)