Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан СЕХ-ноос хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцууллаа. Тэрбээр “Цагийн хуваарийн дагуу ажлууд хийгдэж байна. 22 аймаг 339 сум дүүрэгт сонгуулийн хороодод, 1983 сонгуулийн хэсэг байгуулагдсан, гадаадад байгаа монголчуудын саналыг авах зорилгоор 32 улсад 45 салбар комисс байгуулагдсан. Үндэсний аудитын газраас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нам эсвэл 6,8 тэрбум, нэр дэвшигч 3,9 тэрбум төгрөгийн ханштайгаар тогтоож өгсөн. Сонгуулд ажиллах ажилчдад гэрчилгээ олгох сургалт зохион байгууллаа. 2016, 2017 онуудад 21 мянган хүн хамрагдсан байна” гэлээ.
Намуудыг нэр дэвшигчээ тодруулсантай холбогдуулан СЕХ хоёр удаа хуралджээ. Эхний хуралдаанаар МАХН, МАН, АН зэрэг намуудаас хуулийн хугацаанд хүлээж авч, нэр дэвшигчдийн материалыг хянаж шалгаад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн ч МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан. Тиймээс өчигдөр МАХН Бага чуулганаа хуралдуулж 23,30 цагийн орчимд бичиг баримтаа ирүүлжээ. Улмаар үдээс өмнө МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын материалыг нягтлаж үзээд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргаснаа Сонгуулийн Ерөнхий хороо мэдэгдлээ. Ингэснээр хуулийн хугацаагаар 30 хоногийн өмнө буюу ирэх 27-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор үнэмлэхийг нь гардуулах аж.
С.Ганбаатарын хувьд СЕХ-д ирүүлсэн материалдаа намын батлахаа хавсаргажээ. Ингэхдээ ХҮ намаас гарсан, МАХН-д элссэнээ тодотгосон бичиг баримтаа ирүүлсэн байна. Намуудын нэрс саналын хуудсанд УИХ-д хэр олон суудал авснаараа дарааллан бичигдэнэ. Өөрөөр хэлбэл хамгийн эхэнд МАН, дараа нь АН, МАХН гэсэн дараалалтай байх юм байна. Саналын хуудсны ажлын хэсэг энэ долоо хоногт байгуулагдана.
Сэтгэгдэл (19)