Улс төрийн намууд эрх мэдэл хэн нэгний халаасанд ороод буйг АН-ын дарга С.Эрдэнэ зарлаж, өөрийн намаа санхүүгийн хувьд чадамжтай болгохын тулд гишүүдээсээ дотоод сонгуулийнхаа үеэр дэнчин, хураамж авсан билээ. Энэ нь нэг талаар намын дотоод албан тушаал мөн л мөнгөөр шийдэгдэх эрсдэлтэй ч нам бүхэлдээ санхүүгийг хувьд хэн нэгнээс хараат болж байгаа нь улс төрийн хүрээ цаашид эрүүлжих үйл явц юм. Учир нь өнөөг хүртэл улс төрийн намууд хэн сайн хандив өгсөнд нь үйлчилж ирсэн бөгөөд түүнийг талд шийдвэр гаргадаг байсан нь нууц биш. Тэгвэл сонгуулийг далимдуулж, МАХН-ынхан халаасаа зузаатгахаар шийдсэн нь хэл амны бай болоод байна.
Учир нь тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээсээ намдаа 10 тэрбум төгрөгийн хандив өг гэж шаарджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэр хүндтэй, боловсролтой эрхмүүдийг нэр дэвшүүлэх гэтэл 10 тэрбум төгрөг өг гэж шаардсан” хэмээн “гонгиноод” авна билээ. Тэгэхээр 10 тэрбум төгрөгийн босгыг давсан С.Ганбаатар МАХН-д хандиваа өгөхөөр амласан уу эсвэл өгчихсөн үү...
С.Ганбаатар МАХН-д 10 тэрбум төгрөгөө өгөөгүй, харин түүнтэй хамт Ерөнхийлөгчид өрсөлдөөд унасан эрхмүүд нь хамт хандив өгөлцөж, өрийг нь даралцах гэнэ
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар С.Ганбаатар МАХН-д 10 тэрбум төгрөгөө өгөөгүй, харин түүнтэй хамт Ерөнхийлөгчид өрсөлдөөд унасан эрхмүүд нь түүнтэй хамт хандив өгөлцөж, өрийг нь даралцах гэнэ гэсэн цуу чих дэлслээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Н.Энхбаяр МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр аль хэдийнэ тохироо хийчихсэн, 10 тэрбум төгрөгийн хандив гэдэг нь О.Баасанхүү нарыг “айлгах төлөвлөгөө” байсан гэдэг нь илчлэгдэх нь.
Үнэндээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-д 10 тэрбум төгрөгийг шууд гаргаад өгөх хөрөнгөтэй хүн биш. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгээ нийтэд зарладаг байсан. Сүртэй гэгчийн хэвлэлийн хурал хийж, би ийм “цэвэрхэн”, ямар ч авлагагүй, газаргүй гээд л ил тодоор мэдээлдэг байсан. Тодруулбал сарын цалин нэг сая 267 мянган төгрөгийн цалинтай. Үүн дээрээ онцгой нөхцөлийн нэмэгдэл нэмэгдээд нэг сая 648 мянган төгрөг болдог. Хөрөнгө бэлийн хувьд УИХ-ын бусад гишүүд шиг өндөр үнэтэй, хувийн хауст тухалдаггүй 70 сая төгрөгийн үнэтэй угсармал бетонон орон сууцанд амьдардаг, 17 сая төгрөгийн үнэ бүхий 2011 оны Toyota RAV-4 автомашин унадаг. Өөрийн эзэмшлийн газаргүй, өвлөж авсан гурван сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хөөрөг, хурдан удмын 3 адуу, 50 үхэр, 30 ямаатай хэмээн ХОМ-тээ бичжээ. Хэрвээ энэ мэдүүлэг үнэн бол С.Ганбаатар МАХН-д 10 тэрбум төгрөгийг хойд урдахаа ухсан ч олж чадахгүй.
Дээр нь МАХН хөрөнгө муутай тул Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулаглах хөрөнгөө өөрсдөө гаргахыг анхнаасаа хэлж ярьж буй. Үндэсний аудитын газраас нэр дэвшигчийн гаргах хөрөнгийн дээд хэмжээг 3,9 тэрбум төгрөг байхаар баталсан. Тэгэхээр С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихын тулд дор хаяж 12 тэрбум төгрөгийн зарлага гаргана. Бусад намуудын нэр дэвшигчид энэ мөнгийг өлхөн гаргах хэмжээний хөрөнгөтэй. Эдгээр хөрөнгөө цаг тухайд нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаж байсныг өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд хангалттай мэдээлсэн. Тэгэхээр С.Ганбаатар МАХН-д 10 тэрбум төгрөгөө яаж төлөх вэ. Хэрэв МАХН-д хандиваа өгчихсөн бол АТГ-ынхан түүнийг шалгаж, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг лавлах нь зүйн хэрэг биз.
Ер нь С.Ганбаатар, Н.Энхбаяр хоёр эртнээс тохироо хийсэн хэмээн хардах үндэслэл бишгүй байна. Аливаа улс төрийн намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч АТГ, цагдаа, шүүх, прокуророос нэр дэвшигчийн тухай мэдээлэл авах, цаашлаад банк санхүүгийн байгууллагад өр төлбөртэй эсэх гэх мэтээр нийт 17 хуудас бичиг баримтыг СЕХ-д бүрдүүлж өгөх ёстой. С.Ганбаатар ч адилхан тэр хэмжээний материал цуглуулж өгсөн. Гэтэл ажлын цаг дууссан хойно нэгхэн цагийн хугацаанд бүх бичиг баримтыг хүлээлгэж өгсөн нь нэлээд хар төрүүлээд байгаа юм. Энэ өнцгөөс харвал С.Ганбаатарыг өрсөлдүүлэх тохироо аль эрт хийгдсэн нь тодорхой мэт. Харин үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр Бага чуулган, дөрвөн нэр дэвшигчийн өрсөлдөөн зэргээр ханхавч хийж, сайтар найруулсан “жүжиг”-ээ олны өмнө тавьчихав уу гэх хар төрсөөр байгааг нуугаад яахав.
24tsag.mn Б.Ариун
Сэтгэгдэл (51)