Үе, үеийн парламент олны дундаас онцгойрсон “поп”-чидтой байсаар ирсэн. Өнгөрсөн парламентад С.Ганбаатар, Г.Уянга гээд л энэ хочны нэр хүндийг өндөрт өргөсөн улстөрчид цөөнгүй. Ард иргэд ч тэдний үйлдлийг өөгшүүлж, рейтинг нь нэмж, бүр шилдэг улстөрч болгоод авсан. Ямар сайндаа л зарим нэг нь ганцхан удаа УИХ-д сонгогдчихоод Ерөнхийлөгч болно хэмээн цээжээ дэлдэж явахав. Туршлагатай парламентчдын дэргэд ичмээр үйлдэл ч үүнийг монголчууд “Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг. Өнгөрсөн парламент дүүрч гэхэд өнөөгийн парламент тэднээс дутахааргүй Х.Нямбаатар гэх нэг “поп”-чинтой болж, ахмадууд нь дарах гэж “алалцаад” ч тусыг эс олж байх шиг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүртэл “Х.Нямбаатараа ядаж бүтэн жил УИХ-д суучихаад том, том хууль руу гар дүр. Ах нь төрийн байгууллагад 10 гаруй ажиллаад мэргэшсэн хүн болчихоод УИХ-д орж ирсэн. Бусдын гар хөл битгий бол. Эрүүгийн хуульд ийм юм болоод байгаа болохоор Ц.Нямдорж гишүүн оролцохгүй байгаа шүү дээ. Нэг л их ухаантай хүн орж ирчихээд юм юм руу саваад байх юм. Юуг нь ч ойлгохгүй, юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна. Анхааралтай бай. Юм мэдэхгүй хүн, мэддэггүйээ мэдэггүй юм” хэмээн тэсгэл алдсан удаатай. Үнэндээ УИХ-ын гишүүн Л.Болдын хэлснээр УИХ-ын ойрын хэдэн жилийн түүхэнд Х.Нямбаатар шиг “сансарт ниссэн” хүн байхгүй. Хууль болгон руу хуруу нь сарвайж, хүрсэн болгоноо өөрчилж буй нь “поп”-чдын ахин түвшин гэлтэй. Хамгийн гол нь сайжруулах атал дордуулж байгаа нь ахмад улстөрчдөд төдийгүй, ард иргэдэд ч таалагдахаа болиод удаж байна.
Саяхан гэхэд л Авлигачдыг өршөөх нэгэн заалтыг УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлдөө тусгажээ. Тус хуулийн төсөлд цагдан хорих байранд тагнах ажиллагаа явуулах гэх заалтыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй нөхөд аваад хаячихсан нь илэрсэн байна. Ингэснээр албан тушаалын гэмт хэрэг дээр цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм. Энэ заалтын талаар АТГ-ын дарга Х.Энхжаргал “Хуулийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалт дээр энэ заалтыг хэвээр байлгана гэдэг нэгдмэл санал гарсан. Гэвч сая гэнэт хасагдахаар болсон байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт авилгын эсрэг бодлогоо сайжруулна, чангатгана гэчихсэн байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг ч НҮБ-ийн конвенцид нийцүүлнэ гэчихсэн. Одоо цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчлах гэж байна. Авлигатай тэмцэх ажлыг явуулах боломжгүй, шалгаж болохгүй байдал руу яваад, авилгачдаа өршөө гээд байна л даа. Албан тушаалын гэмт хэргийг булзааруулах, нотлох баримтаа устгах, хэргийн бодит байдлыг тогтооход саад болох бүх л юм цагдан хорих байранд хийддэг юм” хэмээн мэдэгджээ.
Энэ мэтчилэн хуулийг сайжруулах биш сааралтуулж байгааг харсан зарим хүмүүс Х.Нямбаатарын боловсрол руу хүртэл өнгийхөд хүргэж, сонгогчид нь сонголтондоо эргэлзэж сууна. Түүний гаргасан алдааг Байнгын хороо, УИХ нь засаад явдаг юмаа гэхэд засч залруулж боломгүй дахин нэг “алдаа” гаргасан нь Засгийн газрын хуралдааны мэдээн дунд торойж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Онцгой албан татварын хуулийн буюу приус машины татварыг үйлчлэх хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн. Учир нь олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор ногдуулдаг. Гэтэл эрх баригчид шатахууны зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй, жирийн иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон хос тэжээлт приус автомашин болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас онцгой албан татвар авч байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн халаасанд гар дүрсэн туйлын буруу шийдвэр. Тиймээс ч хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулан 2017 оны аравдугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөх хуулийн төсөл боловсруулан засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, улсын их хуралд яаралтай өргөн барьж батлуулахыг хүсэлтийг Ардчилсан намын бүлгээс гаргасан. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлын хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулахыг дэмжжээ. Ингэхдээ хамгийн сонирхолтой нь тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачлан оруулж ирсэн хэмээсэн байх юм.
Засгийн газрын мэдээнд “УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ. Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов” гэсэн байна. Автор нь хэн байх нь бус харин ард иргэдийн амьдралд хэрхэн тусах нь чухал ч хүний хөдөлмөрийг хулгайлсантай адил бус уу. Санаачлага гаргасан хүчин нь байсаар байтал санааг нь булаах нь шударга явдал уу.
Үнэмлэхгүй олонх болсон УИХ, Засгийн газар сөрөг хүчнийхээ саналыг дэмжих нь муухай харагдах учир “салхиныхаа хамхуульд” үүрэгдээд нөгөөх нь саваагүйтээд нэрээрээ оруулчихав уу. Эсвэл Засгийн газар АН-ын хүсэлтийг буцаасан ч хүлээж авахаар болсондоо "бантаж" Х.Нямбаатарыг нэрийг өмнөө барив уу. Ямартай ч АН-ын гаргасан санаачлагыг УИХ-ын Х.Нямбаатар "булааж", Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжүүлсэн байна. Хууль санаачилдаг, боловсруулдаг, өнөөгийн УИХ-д түүнээс сайн хуульч үгүй болсон энэ үед нэр хүндээ арай л жижигхэн зүйлээр сэвтээчихэв үү дээ.
УИХ-ын чуулган дээр зарим гишүүд өөрсдийнх санаачилсан хууль хэлэлцэгдэхгүй хэдэн сар жилээр хүлээгдэж байхад Х.Нямбаатарынх гэрлийн хурдаар орж ирээд байгаагийн учир шалтгааныг асуудаг. Бас түүнд хэн нэгний гар, хөл бүү бол гэж сануулдаг. Шинэхэн гишүүний хувьд УИХ-д ногоон гэрлээр ажлаа явуулна гэдэг ардаа бат “мотортойнх”. Харин зааж зааварлаж, замыг засч өгч байгаа тэр эрхэм хэн бэ гэдэг асуулт улс төрийн хүрээний хамгийн сонирхол татах сэддийн нэг биз.
24tsag.mn Б.Өрнөх
Сэтгэгдэл (34)