УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж, дэмжлээ. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулсан. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг сонгууль болохоос 65 хоногийн өмнө товлон зарлана гэжээ. Харин уг хугацааг өөрчилж 21 хоног гэж оруулж ирж байгаа аж.
Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулвал 30 тэрбум төгрөгийн зардал гарна. Тиймээс төсөв хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах саналыг оруулж ирсэн байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулна гэжээ. Ийм гол асуудлыг амжих юм уу. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал маш хүнд даваа давахаар байгаа. 21 хоногийн дотор ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг олон нийтэд ойлгуулаад, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулж амжих уу. Нэг алдаж болно, хоёр алдвал харамсалтай байна.
Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар нь төсөл санаачилж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Засгийн газрын хийдэг ажил биш. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж болохгүй. Одоо цаашдаа өөрчлөлт болгон ард нийтийн санал асуулгаар шийддэг болох нь. Аминд тулсан ганц асуудлаар асууж болно. Түүнээс биш ТАЗ, Аудитад өөрчлөлт оруулах нь ард нийтийн санал асуулгаар шийддэг асуудал биш” гэлээ.