УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно. Танилцуулгыг ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт хийлээ.
ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт: Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх асуудал ихэсч байна. Төлбөр тооцоог бусдын данс ашиглаж авах хэрэг их гарч байна. Өнөөдрийн байдлаар 117 хүн шалгагдсан байна. 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 10 хэрэгт 12 хүн холбогдон шалгуулж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Өсвөр насныхны хар тамхины хэрэглээ ихэсч байгааг харлаа. Хууль хяналтын байгууллагынхны уялдаа холбоо хэрхэн яаж ажиллаж байгаа вэ. Монголын уран сайхны кинонуудаар хэлбэрийн сурталчилгаа их явагдаж байна. Гадаад киноноос харсан зүйлээ монгол кинонд тусгаж өгч байна. Хууль тогтоомжоо сайн хэрэглэхгүй бол энэ асуудал газар авлаа. Соёлын хуулиараа хар тамхины хэрэглээг сурталчлахыг хоригломоор байна. Үүнд анхаарч өгөөч ээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, дарга нар уялдаа холбоотой ажиллахгүй, дутмаг байгаа нь үнэн. Зохицуулагдаагүй асуудлыг зохицуулах асуудал шинэ хуулинд тусгагдсан байгаа. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хөтөлбөр батлагдсан. Хууль тогтоомжийг хангаж ажиллахад анхаарна. Холбогдох газрууд ажлаа дээшлүүлж, уялдаа холбоотой ажиллахад анхаарч ажиллах болно. Цаашид ч тэмцэж ажиллахад цагдаагийн байгууллага анхаарч байна.
ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр: Монголын нөхцөлд хар тамхийг илрүүлэхдээ зөвхөн цуснаас дээж авч л ажиллаж байна. Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд биенээс нь хөлс, дээж авч ажиллахад тоног төхөөрөмжийн асуудал дутмаг байна. Кино, үзвэрээр хар тамхийг сурталчлах ажил газар авч байна. Хамгийн сүүлд SBN телевизэд шаардлага хүргүүлж, ахиж энэ төрлийн алдаа гаргахгүй байхад хамтарч ажиллахаар болсон.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Сүүлийн үед хар тамхитай холбоотой хэрэг ихэсч байна. Тиймдээ ч энэ их хурал Үндэсний хөтөлбөрийг баталж ажиллаж байна. Үүнтэй тэмцэхэд төрийн хатуу бодлого хэрэгтэй. Манайд хар тамхитай тэмцэх техник технологи, хүн хүч бололцоо хэр байна вэ. Мөн хар тамхины хэргээр хүмүүс тэнсэн авч байна. Эргээд энэ хүмүүст яаж хяналт тавьдаг юм бэ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хар тамхитэй тэмцэх чиглэлээр ЦЕГ-т таван хүн ажилладаг байсан. Хэрэглээ нь нэмэгдсэн учраас бид 33 хүнтэй болгож өргөжүүлсэн. Тэгсэн ч гэлээ шаардлага хангахгүй, хүн хүч хүрэлцэхгүй байна. Техник, технологийн хувьд дутмаг байна. Зөвхөн цуснаас л дээж авч шинжилж байна. Газар дээр нь илрүүлэхэд тоног төхөөрөмж, материалаг баазыг нэмэгдүүлэх шаардлага бий.
Сэтгэгдэл (2)