УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр төрийн албан тухай хуулийн яаран батлаж, хууль бусаар ажилд томилогдсон хүмүүсийг баталгаажуулах гэж байна гэдгийг мэдэгдэв.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн албаны тухай хууль улс төржсөн хууль болсон. Учир нь энэ хуулийн ихэнх заалтууд Засгийн газарт, улс төрийн байгууллагуудад эрх мэдлийг өгсөн, төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн, дагавар байгууллага болгох гэсэн оролдлого боллоо гэж бид харж байна. Энэ хуулийн 10 гаруй заалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газарт бүх эрх мэдлийг төвлөрүүлэхээр заасан нь өөрөө улс төржүүлсэн хууль болгох гэсэн суурь болж байна гэж дүгнэхэд хүргэж байна. Энэ хуулийг анх төрийн алба улс төрөөс ангид байх, төрийн албанд орж ажиллах нь монголын ард түмэнд бүгдэнд нь нээлттэй байх ёстой гэсэн зарчим дээр явагдаж байсан. Төрийн босго ямар хэмжээнд байх ёстой гэдэг нь энэ хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл өнөөдөр энэ хууль дээрх шаардлагуудыг хангаж чадахгүй байна. Төрийн албан тухай хуучин хууль нь товч тодорхой байсан ч ганц нэгэн засч залрулах зүйл байсан. Харин шинэ хуулийн төсөл нь зүйл заалтын хувьд нүсэр том болсон. Энэ хуульд анхаарах зүйл маш их байна” гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр 2016 оны сонгуулийн үр дүн гарснаас хойш төрийн албаны хөдөлгөөнд 22 мянга 235 хүн хамрагдсан байна. Үүний 3100 тэтгэвэрт, 6100 хүн өөр ажилд томилогдсон, 7700 өөрийн хүсэлтээрээ халагдсан, 5200 хүнийг хууль бусаар ажлаасаа халагдсан байна. Гэтэл өөр ажилд томилогдсон гэснээс бусад нь улс төрийн зорилгоор ажлаасаа халагдсан гэдэг нь ойлгомжтой. Эндээс дүгнэхэд эрх баригчид өнөөдөр төрийн албаны тухай хуулийг яаран батлах гээд байгаагийн цаад шалтгаан нь хууль бусаар ажилд томилогдсон хүмүүсийг баталгаажуулах гэж байна гэсэн хардлагыг төрүүлж байна" гэв.
УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтаар “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын борлуулалтын мөнгийг Монголбанкаар дамжуулах” гэснийг хассан. Тэгээд УИХ-ын 30 дугаар тогтоолыг гаргасантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэгт иргэн О.Алтангэрэл гэдэг хүнээс бичиг ирсэн. Дээрх УИХ-ын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын талаарх заалтыг зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д хандахад шаардлагатай мэдээллээр хангана уу гэсэн хүсэлт ирсэн. Бид бүлгийн хуралдаанаар хэлэлцээд шаардлагатай мэдээллээр хангах нь зүйтэй гэж бодсон.
Мөн Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд эрх баригчдын пиар хэрээс хэтрээд байна. Монголын ард түмний улс төрийн тоолуур УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш тоологдсон. Бүтэн жилийн хугацаанд 7 төрлийн татвар нэмсэн, ОУВС-д орсон, эдийн засгийг дордуулснаас өөр юу ч хийсэнгүй. Үр дүн байхгүй байна. МАН амлалтаа биелүүлээгүй бүтэн жил өнгөрлөө. Сүүлийн үед АН-ыг харлуулах гэсэн улс төрөө зогсоох хэрэгтэй. Эдийн засаг сэргэж, хүн амын орлого өслөө гэх мэдээлэл их явдаг боллоо. 7 төрлийн татвар нэмж, нүүрсний үнэ өссөнөөс эдийн засаг 4.1хувь өссөнөөс биш иргэдийн орлого нэмэгдээгүй. Татвар нэмчихээд иргэдийн орлого хаанаас нэмэгдэх юм бэ.
Бүтэн жил ард түмний амьдрал дээшилсэнгүй. Үүгээрээ бид хожихгүй гэдгийг эрх баригчдад сануулах хэрэгтэй гэж үзэж байна хэмээлээ. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар мэдээлэл хийв. “Шүүхээс хэрэг буцдаггүй заалтыг төсөлд оруулсан байсныг өөрчилжээ. Энэ хуулийн төсөлд хүний эрх зөрчсөн 10 гаруй заалт байсан. Тиймээс АН-ын бүлэг завсарлага авсан. Хуульд хүний эрхийг дээдэлж, шударга ёсыг баталгаажуулахыг зорьсон” хэмээлээ.
Ийнхүү тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Приус маркийн машиныг татварыг нэмэхгүй байх асуудлаар танай намын бүлэг санал гаргаж байсан. Харин өнөөдөр Х.Нямбаатар гишүүний санаачилсан төслөөр хэлэлцэж байгаад ямар байр суурьтай байна вэ?
-Приус машины татварыг чөлөөлье гэж хэлэхээр буцаагаад сөрөг пиар руу орсон. Батарей нь муу, хадгалж болдоггүй, хар туглагатай гээд байна. Үүнийг би Засгийн газрын зүгээс хийгээд байна уу гэж бодож байгаа. Д.Эрдэнэбат санаачилсан уу, Х.Нямбаатар санаачилна уу хамаагүй. Засгийн газар шийдээд оруулж ирэх хэрэгтэй. Үүнд битгий улс төрийн хандлага гаргаач ээ гэж үзэж байгаа. Эрх баригчид хумхын тоосын чинээ асуудлыг ч улстөржүүлж байна.
-Ирцийн асуудлаар О.Баасанхүү гишүүн хөндөн ярьж байна. Танай намын тухайд...?
-Ирцийн тухайд эрх баригчид 65 гишүүнтэй. Гэтэл ирцийг манай тал руу наалдуулах юм. Чуулганы танхимд МАН-ын 15, АН-ын 4 гишүүн сууж байхад АН-ыг 9 гишүүн бүгдээрээ байх ёстой гээд байх юм. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрах юм. АН руу дайрахаа боль. АН руу дайрч байтал ард түмний амьдрал хэцүүдлээ.
Б.Энхжин
Сэтгэгдэл (11)