ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх товоо тогтсон. Тэд Монгол Улсад хөтөлбөрөө хэрэгжүүлэх эсэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Уг нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд манай Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас хэлэлцээрээ эхлүүлсэн. Тэдний зүгээс тавьсан шаардлагуудыг биелүүлж, төсөвтөө тодотгол хийж, долоон төрлийн татвар нэмсэн. ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тул төсвийн сахилга батыг дээшлүүлэх, зардлыг бууруулах талаар зөвлөх, тулгах нь зүй ёсны тавих асуудал. Харин энэ далимдаа үндэстэн дамнасан группуудын эрх ашгийг хамгаалах давхар бодлого үйлчлээд байна уу гэх харыг төрүүлснийг нуух юун.
Учир нь тэд “Хөрөнгө оруулагчдын гадаад валютын гүйлгээтэй холбоотой УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг хүчингүй болгохыг шаардсан. Энэ нь хөрөнгө оруулагчдын борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэнэ” гэсэн утгатай заалт байсан ч ОУВС өөрчлөхийг шаардсан. Өөрөөр хэлбэл үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр хөтөлбөрт орохоор бүх бэлтгэл ажлаа гүйцэлдүүлчихээд ганцхан заалтаас болж хурлаа хойшлуулсан нь Монгол улс ОУВС-гийн атганд орж, тэдний шантаажилсан болгоныг биелүүлэх үүрэгтэй улс орон болгон хувиргасан. УИХ-ын гишүүд ч энэ заалтыг хүчингүй болгохдоо Монгол улс түүхэндээ байгаагүй ичгэвтэр шийдвэр гаргах гэж байгааг сануулж байсан. Төрийн зардлаа хэмнэх системээр зарлагаа багасгаж ажиллах атал яамдуудын төсвийг нэмж, бүхэл бүтэн долоон татвар нэмсэн хөрөнгөөрөө эдийн засгаа аврах боломжтой байгааг ч хэлсэн.
Монгол улсыг өөрсдийн хөтөлбөртөө багтаах эсэх талаарх ОУВС-гийн захирлуудын зөвлөл маргааш буюу энэ сарын 24-ний өдөр хуралдана. Засгийн газар энэ удаагийн хурлыг баараггүй гэж тооцож, хөтөлбөрт орох нь баталгаажчихвал санхүүжилт тэр дороо ороод ирнэ хэмээн горьдонгүй ярьж буй. Тэгвэл АН-ын бүлэг өчигдрийн хурлаараа УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон асуудлыг хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, олон улсын валют нэмэгдүүлэх заалтын талаар нухацтай ярьсан байна. Энэхүү заалтыг ОУВС-гийн хөтөлбөртэй холбогдуулан УИХ-ын 30 дугаар заалтаар хүчингүй болгосон юм. Тэгвэл АН-ын бүлэгт Баянзүрх дүүргийн иргэн О.Алтангэрэлээс УИХ- ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах хүсэлт ирүүлжээ. АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд, иргэн О.Алтангэрэлийн хүсэлтийг дэмжиж, нэн шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэрвээ Үндсэн хуулийн цэц иргэн О.Алтангэрэлийн хүсэлтийг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл ОУВС-гийн хөтөлбөр манайд хэрэгжих эсэх нь тодорхойгүй болох ч атганд нь орсон Монгол улс аврагдах нэг гарц байж мэдэх. Хамгийн чадвар муутай Засгийн газар бэлэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг хэмээн шүүмжлүүлсэн Засгийн газар ёстой нэг ухаанаа уралдуулж, улс орноо хэрхэн хөгжүүлэхийг харах зам ч байж болох. Юутай ч ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт Монгол Улсын цаашдын чиглэлийг тодорхойлох нь.
Б.Өрнөх 24tsag.mn
Сэтгэгдэл (10)