Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нэг бүс-нэг” зам чуулга уулзалтад 130 гаруй орны 1500 гаруй төлөөлөгч дэлхийн томоохон улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнүүд оролцсон арга хэмжээ боллоо. 2013 онд анх санаачилж гаргасан Бүс ба зам хөтөлбөр нь БНХАУ дэд бүтцээр холбогдох санал гаргахаас гадна хятад улс эдийн засгийн бүтцийн шинэчлэлд шилжиж байгаа юм байна. Мөн хоёр улсын хооронд хүмүүнлэгийн зөвлөл байгуулахаар тохирлоо.
Хөгжлийн шинэ загвар руу шилжихдээ бусад улс орны нөөц бололцоог Хятадын нөөц бололцоотой уялдуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Хөгжлийн шинэ загвараа хятадын удирдлагууд танилцуулсан. Ингэхдээ инноваци, технологийн хөгжил, хөдөлмөрийн бүтээмж дээр суурилсан нээлттэй, ногоон хөгжлийг дэмжсэн хөгжлийн моделийг сонгож байна гэсэн. Монгол Улсын хувьд ОХУ-МОНГОЛ-ХЯТАД гурвын эдийн засгийн коридор нь “Бүс ба зам” хөтөлбөрийн нэг хэсэг юм. манай улс зөвхөн дэд бүтцээс гадна худалдаа эдийн засаг үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, соёлын харилцаа зэрэг хэд, хэдэн цогц асуудлаар санал солилцож, санал нэгдсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сард Казахстаны Астана хотод болох ШХАБ-ын удирдагч нарын уулзалтад оролцоно. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно гэлээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүртгэх ажил дууссан байна.
Тэрбээр мэдээллийнхээ дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Хятадад хийсэн айлчлалын үеэр нүүрс нийлүүлэх талаар хэлэлцээ хийсэн үү?
-Си Зиньпин дарга айлчлалын үеэр “Бид Монгол Улстай харилцан ашигтай худалдаа, хамтын ажиллагаа хийнэ. Энэ хамтын ажиллагааг бид Монголд илүү ашигтай байлгах тал дээр хүчин чармайлт гаргана. Бид Монголоос нүүрс авна. Хамгийн гол нь яг юу өгмөөр байна, юу авмаар байна тэрийгээ тодорхой болго” гэсэн.
-Хятадаас авах буцалтгүй тусламжийг юунд зарцуулах вэ?
-Хятадаас авах 350 сая юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна. Шинээр орж ирэх хоёр тэрбум юанийг юунд зарцуулах вэ гэдгийг Засгийн газар одоогоор шийдээгүй байна. Үүнийг удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ.
-ОУВС-гийн тэргүүнтэй уулзсан гэсэн. Юу яригдсан бэ?
-Уулзалтаар хоёр талын байр сууриа нэгтгэж, санал бодлоо солилцсон. ОУВС-гийн хурал маргааш болно. Тэргүүн нь өөрөө хурлаа даргалж, Монгол Улсын талтай хамтарч ажиллах сонирхолтой, Монголын эдийн засгийг тогтворжуулах, өрийн дарамтыг багасгах, макроэдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэхэд тус нэмэр болно гэж итгэж байна гэсэн. ОУВС-гийн хөтөлбөрт орох нь чухал. Маргаашийн хурлаар батлагдчих байх.
-Гадаадад 140 гаруй мянган иргэн амьдардаг гэх тоо баримт бий. Гэтэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 7000 гаруй хүн бүртгүүлсэн нь маш чамлалттай тоо байна?
-Хуулиараа Элчин сайдын яаман дээр бүртгэл хийнэ. Элчин сайдын яаман дээр санал авна. Элчин сайдын яам нь ихэвчлэн нийслэл, хотуудад байрладаг. Монгол иргэд тэр болгон нийслэл хотод ажиллаж, амьдардаггүй. Иймэрхүү нөхцөл байдал нөлөөлсөн байх. Гэхдээ тоо баримт харахад өнгөрсөн сонгуулиас нэмэгдсэн.
-Давхар харъяаллын асуудалд тайлбар өгөөч. Баахан хятадууд орж ирнэ гэж хэсэг шуугилаа?
-Монгол аавтай, монгол ээжтэй гадаадад төрсөн хүүхэд давхар харъяалал авч чадахгүй байна. Бид үүнийг л засах гэж байна. Иймэрхүү асуудал маш их гарсан. Тиймээс бид энэхүү асуудлыг шийдэх гэж байна. Түүнээс биш давхар харъяаллын асуудал үүнээс өөр тохиолдолд хаалттай. Хятадууд орж ирнэ гэж шуугисан. Энэ бол худлаа мэдээлэл. Сонгууль дөхөөд ч байгаа юм уу, хятад иргэдийг визгүй оруулна гэх худлаа мэдээлэл гараад байна. Тийм зүйл байхгүй.
-АНУ-ын Элчин сайдын яамны хураамж өндөр байна хэмээн иргэд ихээхэн гомдоллож байна. Энэ талаар Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байгаа вэ?
-АНУ-ын Элчин сайдын яаманд бид энэ асуудлыг тавьж байгаа. Монголд байгаа Элчин сайдын яамдын визний хураамжийг бууруулах талаар бид хүчин чармайлт гаргаж байна. Гэхдээ нөгөө улсын хууль дүрмийг бас хүндэтгэх хэрэгтэй.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (4)