Элчин сайдын суудал “шагнал” уу гэх асуултыг бид олон жилийн өмнөөс тавьж эхэлсэн. Уг нь энэ албан тушаал шалгуур өндөртэй байх ёстой. Бүхэл бүтэн нэг улсыг төлөөлж сууж байгаагийн хувьд боловсрол, мэдлэгийн хувьд гологдохооргүй байж, хамгийн гол нь тухайн улс хоорондын харилцааг улс төрийн өнгө аяст автахгүйгээр тогтвортой байлгах үүргийг хүлээдэг. Энэ утгаараа “элчин” гэх хүн аль нэг намын “экс” эсвэл ээлж, халаагаа өгч байгаа албан тушаалтан бус энэ чиглэлээр мэргэшсэн дипломатч хүн байхыг илүүд үздэг. Гэвч сүүлийн үед энэ зарчим утгаа алдаж, ганц нэг хүний үзэмжээр “элчин”-гүүд тодорч, “шагналын” нэртэй албан тушаалтнууд олширч байгааг харсаар суудаг цаг үе иржээ.
С.Баяр бол өмнө нь Орост Элчингээр сууж байсан хүн. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга хүртэл дэвшиж чадсан. Гэхдээ 2009 онд гэнэт бүх "ноосоо” тушаачихаад яваад өгсөн. Энэ хооронд хааяа Монголд ирнэ. Ихэнхдээ гадаадад амьдардаг тухай эх сурвалжуудын мэдээлэл бий. Харин 2016 оны сонгуулийг ил биш далд удирдсан. Өөрөөр хэлбэл, М.Энхболд түүнийг урьж сонгуулийн штабыг удирдуулсан хэрэг. Үр дүнд нь МАН үнэмлэхүй яллаа. Тэгэхээр ялалтын дараа л "...С.Баяр Англид Элчингээр явах нь” гэсэн яриа гарсан нь сонгууль удирдахаар ирэхдээ л хийсэн тохироо байж мэдэхээр байгаа юм. Тэгэхээр Английн Элчин сайдын суудал түүнд өгсөн бэлэг гэлтэй.
М.Энхсайханыг Шведийн Элчин сайдаар очиход мөн л “шагнал” гэж харцгаасан хүн цөөнгүй. Түүнээс өмнө Ерөнхийлөгч Шведийн Элчин сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн асан З.Алтайг томилж байсан. Түүний хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодоод, улстөрчдийн хэлдгээр “лааз өшиглөж” явахад нь Ц.Элбэгдорж тус ажилд томилсон гэдэг. Харин энэ удаа шагнал цохох хүнээ өөрчилж, Элчин сайдын хувьд “жаргалын орон” гэгддэг Шведийг М.Энхсайханд өгсөн нь сонгуулийн өмнө амлалт ч байж болох.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр сар хүрэхгүйн дараа суудлаасаа бууна. Түүний хувьд найман жил Ерөнхийлөгчийн албан сэнтийд заларч байгаад ийнхүү албаа хуулийн дагуу хүлээлгэн өгөх юм. Гэхдээ тэрбээр буухаасаа өмнө хэмээн өөрийнхөө ойр тойрны хэсэг бүлэг хүмүүстээ “шагналаа” бөөндсөөр сууна. Өмнө нь Ерөнхийлөгч өөрийн зөвлөх Ч.Сосормааг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар элчин сайдаар томилогдсон бол энэ удаа Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөрийг Франц улсад суух элчин сайдаар томилох санал гаргажээ. Уг саналыг нь Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн мэдээлэл байна. Удахгүй Улсын Их Хурлаар оруулж түүнийг Франц улсад суух элчин сайдаар томилох бололтой. Дараагийн элчин сайдаар суух хүн бол Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн. Түүний хувьд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Харин засаг солигдоход ажлаа хүлээлгэж өгч улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймагт өрсөлдсөн ч өвдөг шороодсон нэгэн.
Түүнийг Гадаад харилцааны сайдын албан тушаалаасаа буухаасаа өмнө мөн л тойрон хүрээлж байсан хэд хэдэн хүнээ гадаадын дипломат албан явуулж амжсан сүйхээтэй нэгэн гэдэг. Харин өөрөө ирэх дөрвөн жил Элчин сайдын зөөлөн суудалд тухалж, гадаадад галуу шувууны мах зооглохоор шийдснийг Ерөнхийлөгч ийнхүү болгоожээ. Тэрбээр Швейцарь улсад суух элчин сайдаар томилогдохоор Засгийн газраас дэмжлэг аваад байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн шууд удирдлагад байдаг цөөхөн байгууллага байдгийн нэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл. Тэгвэл Ерөнхийлөгч энэ байгууллагын хүнээ ч шагнахыг мартаагүй бололтой. Тус зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар санал гаргажээ.
Мэдээж бүхэлд нь “бэлэг” гэж харагдуулахгүйн тулд МАН-ын сүйхээтэй хоёрыг авчихаж. Тэдний нэг нь өөрийгөө, харин нөгөө нь дүүгээ сэмхэн гэгч нь шургуулжээ. Тодруулбал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор зэхэж байгаа бол Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг зүтгүүлж байна. Н.Чимгүүндарь нь хэдийгээр Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхийн албан тушаалтай ч түүний төрсөн эгч УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөлөө байсныг бас үгүйсгэх аргагүй юм.
Ямартай ч дээрх Элчин сайдын томилогоо өчигдөр Байнгын хороодоор орж дэмжигдсэн бол өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж батлагдах магадлал өндөр байна.
Б.Ариун 24tsag.mn
Сэтгэгдэл (33)