Батлан хамгаалах салбарын “Нээлттэй хаалганы өдөр” өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн арга хэмжээ "Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр"-тэй давхцаж буйгаараа онцлог юм.
БХЯ, ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд болон харьяа байгууллагууд бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох үйлчилгээг үзүүлэх аж.
Өдөрлөгөөр БХЯ-ны болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар үйлчлэх, офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэл, танилцуулга хийх, Батлан хамгаалах яамны долоо хоног тутмын дотоод үйл ажиллагаа, гаднаас иргэдийг хүлээн авах журмын талаар мэдээлэл, зөвлөлгөө өгөх, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх асуудлаар нийтэд танилцуулан мэдээлэх, санал, хүсэлтийг хүлээн авах, хариулт өгөх, саналын хайрцаг ажиллуулах арга хэмжээ явагдана.
Мөн олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчдын оролцсон байдлын тухай төрөлжүүлсэн зурагт самбар, видео бичлэгүүд болон олон улсын ажиллагаанд оролцогч цэргийн албан хаагчдын хувцасны үзүүлбэр, гардан тулааны тоглолт, эмэгтэй алба хаагчид, хүндэт харуулын цэргүүдийн жагсаалын үзүүлбэр, дуут жагсаал, гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын ар гэрийг хүлээн авч санал, сэтгэгдлийг нь сонсох зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл (1)