УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа “Эрх баригчид Монголбанк их хэмжээний алдагдалтай ажилласан мэт мэдээллийг олон нийтэд тараалаа. Монголбанкны тайлангаас харвал энэ нь алдагдал бус мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд гарсан зардал гэдэг нь тодорхой байгаа. Ямар бодлого хэрэгжүүлэхийг нь УИХ-аас жил бүр тодорхойлж өгдөг. Энэ хүрээндээ Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хоёр хөтөлбөртэй холбоотой гарсан зардлыг алдагдал хэмээн тайлбарлаж нэг хүнийг буруутай мэтээр мэдээлж байгаа нь харамсалтай. Монголбанк дээрх хөтөлбөрүүдэд нийтдээ 4.8 их наяд төгрөг зарцуулсан. Үүний гурван их наяд нь орон сууцны хөтөлбөрт зарцуулагдсан. 1.8 их наядыг нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулсан.
Энэ хөтөлбөр 2013-2015 онд хэрэгжээд дууссан. Монголбанк өөрөө зээл өгөөгүй. Арилжааны банкуудаар дамжуулан зээл олгосон. Гэтэл УИХ Монголбанкны бие даасан хараат бус байдал руу орж буруу ташаа мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. МАН-ынхан 2012 онд 17 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээлгэж өгсөн гэж ярьдаг. Гэвч тэр их өсөлтийн үр дүн гэж байгаагүй. Хуримтлал үүсгээгүй, бүгдийг нь зардал болгоод гаргачихсан байсан. Тэр бүх зардлыг нь үргэлжлүүлэн санхүүжүүлэхээс өөр аргагүй байсан учраас мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн. Ингээгүй бол эдийн засагт бүр их эрсдэл үүсэх байсан юм” гэв.
Түүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулахдаа аж ахуйн нэгжүүдэд зориулалтын бусаар зээл олгосон гэж байсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Монголбанкнаас арилжааны банкуудад хүү багатай зээл олгосон. Арилжааны банкууд зээлийн шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд дамжуулан зээл өгсөн юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж арилжааны банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн 98 хувь нь зээлээ эргүүлэн төлсөн. Гэтэл энэ УИХ мөрдөн байцаах газар шиг ажиллаж байна. Монголбанкинд тайлан тооцооны гэхээсээ илүү улс төрийн шалгалт хийсэн. Т.Аюурсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга байсан хүн. Тиймээс Үнэ тогворжуулах хөтөлбөрийн үр дүнг мэднэ. Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн шийдвэрүүдийг дэмжээд саналаа өгсөн. Гэвч бөөн хохирол гарсан мэтээр ярьж түүнийгээ Н.Золжаргал гэдэг хувь хүнд тохох гээд байх юм. Ганцхан жишээ хэлэхэд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр шатахууны үнэ нэмэгдээгүй. Энэ мэт олон эерэг жишээ бий. Мөн 80 мянган айл орон сууцны зээлийн хөтөлбөрт харагдаж байранд орсон. Ийм байхад хохирол гэж ярьж байгаа нь дээрх айл өрхүүдийг байрнаасаа гараад мөнгөө буцааж өг гэж байгаагаас ялгаагүй юм.
Сэтгэгдэл (10)