УИХ дахь МАН-ыг бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хурлаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж, УИХ-аас тогтоол гаргах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар Бүлгийн хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар, Б.Саранчимэг, Т.Аюурсайхан нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Монголбанкны шалгалтын дүнг байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Нууцын зэрэглэлтэй гурван асуудлаас бусад дүнг УИХ-ын вэб сайт дээр тавьсан. Бидэнд нууж хаах юм байхгүй” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Монголбанкны шалгалтын материалаас ямар асуудлыг нууцын зэрэглэлд багтааж байгаа вэ. МАН-ын гишүүдийн зээл авсан компанийн мэдээллийг нууцын зэрэглэлд оруулсан гэх мэдээлэл байна?
-Д.Хаянхярваа: Бид зээл авсан компанийн нэрийг нууцын зэрэглэлд оруулах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл Монголбанкнаас нууцын зэрэглэлтэй гэдгийг тогтоож ирүүлсэн бол тэр хэвээрээ явна. Харин нууцын зэрэглэлээс гаргах эсэхийг хуулийн дагуу шат дараатай шийднэ. Монголбанкнаас зээл авсан аж ахуй нэгжид хариуцлага тооцох асуудал байхгүй. Яагаад гэвэл аж ахуй нэгж буруутай биш. Хууль зөрчиж шийдвэр гаргаад, давуу боломжийг олгосон удирдлагууд буруутай. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа аль ч намын ямар ч хүнд хямд хүүтэй зээл олговол “үгүй би авахгүй” гэж хэлэхгүй. Харин зориулалтаар нь аваад зориулалтын бус хэрэглэсэн байвал хариуцлага ярих ёстой. Тиймээс Монголбанкнаас хууль зөрчиж цөөн тооны хэдэн компанид давуу эрх олгосноос болоод Монгол Улс ийм байдалд хүрсэн.
-Зээл өгсөн хүнд хариуцлага тооцно гэвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнгөрсөн дөрвөн жил Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ хүнд хариуцлага тооцох уу?
-Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Б.Жавхлангийн чиг үүрэг нь зээлийн асуудалд хамаарахгүй. Зээл олгох шийдвэрийг гаргахад буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно.
Б.Энхжин
Сэтгэгдэл (3)