Нэг үе монголын улс төрд акул явсан хоёр эрхэм өнөөдөр тангараг тасарчээ. Улс төрд найз байдаггүй гэдэгт нэг үе нэг намын толгой болж, ганзага нийлж, дөрөө харшуулж явсан эрхэмүүд чухам юунаас болж хонь, чоно болсныг тааварлашгүй ч Оюутолгойн асуудалтай холбоотой маргаан тэднийг салгасан байх магадлал өндөр юм.
Учир нь тэдний сүүлийн үед хийсэн мэдэгдэл, ярилцлагуудаас харахад энэ сэдэв хэдэнтэй хөндөгдөж, улмаар зөрчил нь нэлээд гүнзгийрснийг илтгэх мэт. Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол Улсаас Англи улсад суух Элчин сайд С.Баяр нар бие биенийхээ тухай хэрхэн ярьсныг "24 VS 24" буландаа онцлож байна.
Н.Энхбаяр: С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Элбэгдоржтой хуйвалдсаны улмаас би ялагдсан
Н.Энхбаяр миний дэмжлэгтэйгээр С.Баяр Ерөнхий сайд болж байсан. Баярын талаар сайн, муу олон янзын яриа байсан. Би эв нэгдлийг эрхэмлэн түүнийг дэмжиж байв. С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Элбэгдоржтой хуйвалдсаны улмаас би ялагдсан. Би Баярт "Намынхаа нэр дэвшигчийг сонгуульд ялахад саад болж болох уу? Бизнес, улс төрийн бүлэглэл ашиг сонирхлын дагуу нэгдсэн байна” гэж хэлсэн.
Би сонгуульд анх удаа оролцоогүй. 2009 оны сонгуулийн босгон дээр би С.Баярт хэлэхдээ "Ц.Элбэгдоржийн үнэлэмж 35 хувь, минийх 51 хувьтай байна. Түүнийг хадгалах хэрэгтэй. Чи сонгуулийн кампанит ажлыг удирдаж байна. 21 хоног үлдээд байгаа энэ үед 15 хувийн зөрүүг өөрчилж боломжгүй байна. Тиймээс бид аль аль нь аюулгүй ажиллах хэрэгтэй гэсэн.
Гэхдээ түүний миний "эсрэг" ажиллаж байсныг гэрчлэх олон баримт байдаг. Жишээ нь, миний кампанит ажлын машин дүүрэн материалыг МАХН (МАН) Цагаан давааны хогийн цэгт аваачиж шатаасан. Би зөвхөн Баяртай холбоотой баримтуудын тухай ярьж байна.
Түүний дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. С.Баяр тухайн үед намын дарга, Ерөнхий сайд байсан. Албаа хүлээлгэн өгөхөд гурван долоо хоногийн хугацаа байв. Баяр өөрийн оршин суугаа Их Тэнгэрт ирэхийг урив.
Би ажлын талаар ярилцах нь гэж бодсон. Гэхдээ тэр надад дараахь зүйлийг хэлсэн. Би Алтанхуяг, Баярцогтоор дамжуулан Элбэгдоржтой хийх уулзалтыг зохион байгуулахаар ярилцсан гэсэн. Миний “Яагаад?” гэсэн асуултад тэрээр "Таныг шоронд суулгахгүйн тулд" гэсэн. Би түүнд "Чи юун тухай яриад байна вэ? Яахаараа би шоронд суух ёстой вэ. Баяраа чи намайг шоронгоор айлгаж байна уу.
Чи өнөөдөр намайг сүрдүүлж болно. Оюутолгой, Тавантолгойн асуудлаар миний амыг хамхина гэж саналтгүй. Би ийм асуудлаар уулзахгүй. Улс орны хөгжлийн асуудлаар уулзах гэж байгаа бол би уулзахад бэлэн. Та нар хуйвалдаж надад ялах боломж олгоогүй. Одоо намайг дуугүй байлгахыг оролдож байна уу" гэж хэлсэн. Оюутолгойн хувьд улсынхаа төлөө би 51 хувь дээр баттай зогсож байсан. 34 хувийн гэрээ хийх хэрэггүйг хэлтэл С.Баяр өөрийг нь ойлгохгүй байна гэсэн.
Долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдалд хоёр хүн хариуцлага хүлээх ёстой. Тэдний нэг нь Ардчилсан намын дарга нөгөө нь МАН-ын дарга. Тэд хуулийн дагуу хариуцлага хүлээдэггүй юм гэхэд ёс зүйн хувьд буруутай. Галдан шатаах, хүний амь золих нь луйврын сонгуулийн үр дүн байсан юм. Энэ хоёр хүн хуйвалдсан нь батлагдсан.
Оюутолгой гадныхны гарт орсон. Долдугаар сарын 1-ний үйл явдлын гэм бурууг цагдаагийн дарга нар үүрч, шоронд хоригдсон юм” хэмээн тэрээр энэ сарын 16-ны өдөр "MN-25" дугаар суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт орохдоо ярьжээ” хэмээжээ. |
С.Баяр: Н.Энхбаяр өнөөдрийнхөөс тэс өөр ааш авиртай байлаа
Би Н.Энхбаярын мэдэгдлийг сонссон. Төрийн дээд албан тушаал хашиж байсан хүн байж тэр үндэслэлгүй зүйл ярьж байна. Зөвхөн Оюутолгойн асуудлаар ч биш, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдалд намын удирдлагыг буруутгаж байна. Тэр сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан уу, түүний ярьж байгаа зүйл огт авцалдахгүй байна. Жишээ нь, Оюутолгой төслийн талаархи ашиг сонирхлын тухай асуудал. Намбарын Энхбаярын хэлснээр, тэр намайг дуудаж манай хувьцаа 51 хувь байх ёстой гэж анхааруулсан байна. Түүний ярианаас би эх орондоо хайргүй хүн учраас 34 хувиар тохиролцсон болж таарч байна. Бидний хооронд ийм яриа огт болж байгаагүй. Байх ямар ч үндэслэлгүй. Энэ асуудал Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэгдсэн.
Улсын хөрөнгөөр ордын нөөцийг тодорхойлсон бол төр хувьцааны 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Хэрвээ төсвөөс гадна сангууд Оюутолгойн талбайд хайгуулын ажил хийсэн тохиолдолд хувьцааны 34 хүртэл хувийг эзэмших эрхтэй. Ашигт малтмалын тухай хууль Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад буюу 2006 оны наадмын өмнө батлагдсан. Тэр хориг тавих бүрэн эрхтэй байсан.
Би Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь түүнийг хэн нэгэн буруутгахыг харж байгаагүй. Түүний хувьд өнөөдрийнхөөс тэс өөр ааш авиртай байлаа. Тэр намайг дэмжиж тусласны хариуг барихгүй байна гэж үргэлж хэлдэг. Бид удирдлага болон хамт олны дэмжлэгтэйгээр карьерын шатаа ахиулдаг. Н.Энхбаяр бид хоёрт хоёуланд нь хамаатай. 2007 онд би намын дарга болсон. Намайг намын дарга болоход Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Намын их хурлаар Ерөнхий сайдад миний нэрийг дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Хүн бүр л мэддэг.
Бүрэн эрхээ шилжүүлснээсээ хойш Н.Энхбаяр хачин хачин зүйл ярих болжээ. Түүний ярьж буй зүйлс одоо арай хэтэрч байна. Тэр санаанаасаа зохиож, хов жив хөөцөлдсөөр байна. Түүний хэлсэн нь хүний ой тойнд багтахгүй байна. Жишээ нь, 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ачааны машинтай материал шатаасан, би түүнийг шоронгоор айлгасан гэж ярьжээ. Хэтэрлээ шүү дээ. Бусдыг эвгүй байдалд оруулж, муучлах түүний гол ажил болж. Гэхдээ улс орныг ингэж болохгүй.
Долдугаар сарын үйл явдал хүн бүрийн нүдний өмнө болж өнгөрсөн. Энэ харамсалтай үйл явдлын үеэр Намбарын Энхбаяр бид хоёр хоёулаа төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан. Бид энэ хүнд хэцүү үед шийдвэр гаргах болсон. Зөв ч бай, буруу ч бай бид хамтдаа шийдвэр гаргасан. Харин тэр өнөөдөр өөрийгөө хамгаалж, бусдад бурууг чихэж байна.
Долдугаар сарын 1-нд болсон шиг үйл явдлууд дахин бүү давтагдаасай. Бид алдаанаасаа суралцаж, бүхнийг ойлгох ёстой. Энэ талаар би тодорхой санал гаргасан. Үндэсний аюулгүйн зөвлөлийн хурлын протоколд төрийн удирдлагууд болон улс төрийн намууд хаана, юу ярилцаж, ямар шийдвэр гаргасан талаархи тэмдэглэл байдаг. Нууцалж байсан тэдгээр материалуудыг өнөөдөр нуух зүйл байхгүй гэж бодож байна. Энэ асуудлыг улс төржүүлдэгээ болих хэрэгтэй.
Ер нь Н.Энхбаяр болон миний хувьд хачин жигтэй зүйл ярьж, олны доог тохуу болох хүмүүс биш. Цаг хугацаа бүхнийг тодорхойлох учраас дэмий зүйл ярих шаардлага байхгүй. |
Сэтгэгдэл (25)