БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Мэдээний захиргаанаас зохион байгуулсан “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдэвт арга хэмжээнд Монгол улсын телевиз, сайт, сонины 47 сэтгүүлч хамрагдаж хөрш орны инновацитай газар дээр танилцаж эх орондоо аяны богц дүүрэн ирлээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан 22 сэтгүүлчээс бүрдсэн баг Жэжиан муж дахь Ханжоу, Нинбо зэрэг эдийн засаг, аж үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлж буй хотуудад зочилсон юм.
Жэжиан муж нь Хятадын зүүн өмнөд хэсэгт далайн эрэг дагуу Хөх мөрний сав газарт оршдог бөгөөд 102 мянган хавтай дөрвөлжин км газар нутагтай аж. Тус мужийн нийслэл нь Ханжоу хот бөгөөд эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв аж. Шанхайгаас 170 км хол оршдог, найман сая гаруй хүн амтай хот юм.
Ханжоу хот нь хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд эртнээс нааш Европод ч алдаршжээ. Ханжоу хотыг дэлхийн улс орнуудад алдаршуулах болсон гол хүчин зүйл нь торго, цай хоёр. Тийм ч учраас “Торгоны хот”, “Цайны хот” хэмээн нэрлэдэг байна.
Дээр үеийн хаад ноёд Ханжоу хотын алдарт торгоноос өөрийн улсдаа аваачиж хатдаа гоёдог байсан түүхийг энэ нутгийнхан бахдан ярьдаг аж. Үүний гэрч нь Ханжоу хотод байдаг хүр хорхойн шүлсээр нэхсэн торгоны музей. Уг музейг 1992 онд байгуулсан ба энд эртний Мин, Сүн улс, Манж гүрний үеийн хаад ноёдын хэрэглэж асан тансаг торгон хувцас, мөн торгоор урласан нарийн хийц бүхий урлагийн бүтээлүүд ч үзмэр болон байдаг аж.
Эртний Сүн гүрний нийслэл байсан Ханжоу хотын бас нэгэн гайхамшиг нь Шү хү нуур. Хятад улсын Засгийн газраас 1999 онд Ши хү нуур орчмын газар нутгийг экологийн бүс нутаг болгон хамгаалжээ. Онгон дагшин байдлаа хадгалан өнө удаан жил оршин тогтнож ирсэн Ши хү нуурын тунгалаг мандалд Ханжоу хотын шөнийн үзэсгэлэн тунаран байдаг нь жуулчдыг даллан дууддаг байх гэмээр үзэсгэлэн төгс харагдана.
Товчхондоо Ханжоу хот тэр чигээрээ инновацийн хот. Энэ хотоос дэлхийн улс орнуудын өнгө төрхийг хэсэгчлэн харж болно. Тухайлбал, нисэх буудлаас хот руу явах замд өнгө донжийг нь тааруулан барьсан хауснуудыг харахад Европын аль нэгэн улсад явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин хотын төв орчмын өндөр өндөр барилгууд дэлхийд хөгжлөөрөө гайхуулдаг Шанхай, Хонконгийг эрхгүй санагдуулна. Бас зарим хэсэгт Ази маягийн эгэл амьдралын нэгээхэн хэсгийг харж болох бол зарим газарт газар тариалангийн аж амьдралыг харж болох аж. Энэ бол хот төлөвлөлтийн инноваци.
Хамгийн сонирхолтой нь бидний багаасаа сонсож өссөн алдарт Али бабагийн үлгэрийн биелэл болсон Али баба групп. Үлгэр хэзээд аз жаргалтайгаар өндөрлөдөг. Али баба группийн түүх ч мөн адил амжилт бүтээлээр дүүрэн, өдөр бүр, өглөө бүрийг шинэ санаачлага, шинэ түүхийг бүтээж байна. Тус группийн яг л үлгэрийн мэт сонирхолтой хийгээд шинэ содон санаачлага нь дэлхийн программ хангамж хийгээд технологийн шинэчлэлд хувьсгал хийжээ.
Бүх тооцоо программчлагдаж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, зарим ажлыг техологийн хөгжлийн давуу талыг ашиглан хөнгөхөн хийж болохоор болжээ. Онлайн худалдаагаар бүх Хятаддаа тэргүүлж, дэлхийд II байранд ордог Алибаба групп, дижитал технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг Hikvision зэрэг компаниудаас программ хийгээд технологийн инновацийг харж болно.
Дижитал технологид суурилсан аюулгүй байдлын хангах камерийн бүтээгдэхүүнээр дэлхийд алдартай Хиквишн /Hikvision/ компани нь 2001 онд байгуулагдсан, өдгөө 20.0 мянган ажилтантай, жилийн борлуулалтын хэмжээ нь 44,8 сая ам.долларт хүрдэг гээд онцлоод дурьдаад байвал амжилт олон.
Хиквишн компани нь шинэ технологид суурилсан инновацийн эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нэвтрүүлж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хувь хүн албан байгууллага, орон гэр, хууль хүчний байгууллагын ажилтан, тээврийн хэрэгсэл, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг энэ компани Монгол улсад Улсын их дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр зэрэг байгууллагын камержуулалтыг хариуцан суурилиулан аль хэдий Монголын зах зээлд нэвтэрчээ.
Эл компанийн сүүлийн үед нэвтрүүлж буй инновацийн хөгжлийн талаар дуулгавал хяналтын камерын нягтрал HD зурагтын нягтралтай эн зэрэгцэж ирсэн байна. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй автомашины жолоочийн бүс зүүсэн эсэхийг хянах хяналтын камер, авто машины зогсоолд машин байрлуулах робот төхөөрөмж, хүний нүүр царайг таних, насыг тодорхойлох, сэтгэл хөдлөлийн байдлыг хувиар харуулах гээд олон шинэ содон, дэвшилтэт бүтээгдэхүүнийг хийжээ.
Жуулчдын нүдийг хужирлах бас нэгэн гайхамшиг нь G20-ийн уулзалтыг зохион байгуулсан цогцолбор. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Их-20 буюу G-20-ийн уулзалт тус хотод зохион байгуулагдсан. Эл нүсэр цогцолбор нь тус хотын өнгө үзэмжинд чимэг нэмэхээс гадна чамгүй хөрөнгө оруулдаг “музей” болсон аж. Өөрөөр хэлбэл тус цогцолборыг нэг хүн 100 юань төлөөд үзэж сонирхож болох гэнэ. Эл цогцолбор нь Ханжоу хотыг дэлхий дахинаа дахин алдаршуулсан байна.
Энэ мэтээр Ханжоу хотыг гайхамшигуудыг нэрлээд байвал тунчиг олон. 2006 онд уг хотыг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас "Хятад улсын хамгийн үзэсгэлэнт аялал жуулчлалын хот", Дэлхийн амралт, аялал жуулчлалын байгууллагаас "Дорнын амралтын хот" хэмээн сайшаан магтсан тухай баримтууд бий. Бас Нью-Йорк таймс сонин "Дэлхийн заавал очиж үзэх хэрэгтэй 41 газар"-т энэ хотыг мөн багтаасан гэх мэдээлэл байна. Хятадын хамгийн алдартай хайрын үлгэр "Цагаан могойн домог" энэ хотоос үүдэлтэйг ч тэмдэглэжээ. Эцэст нь хэлэхэд Хятадын хамгийн баян тансаг хотуудын нэг болох Ханжоуг “Тэнгэрт диваажин, газарт Ханжоу” хэмээн нэрлэсэн нь ч яг оносон хэллэг болжээ. Газрын диваажин болсон Ханжоугийн инновацийн хөгжил дэлхий дахинаа “Торгоны зам”, “Цайны зам” шигээ алдаршин Хятадын инновацийн туршлагыг судлах шинэ замыг тод гаргана гэдэгт итгэлтэй байна.
БНХАУ-ын инновацийн хөгжлийн үйл ажиллагаатай танилцах аяллын талаар үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх болно.
Ж.Нар