С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд хаалттай эхэлсэн ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо. Шүүх хурал зургаадугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт болохоор товлогдсон байна.
Шүүх хурлаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх байсан юм. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноогоод байгаа билээ. 20 орчим жил таамаг, эргэлзээ, хардлага төрүүлж байсан С.Зоригийн хэрэг ийнхүү өнөөдөр эзэслэгдэх байсан ч олны таамаг ёсоор ийнхүү сонгуулийн дараа дэнслэгдэхээр боллоо.
Ямартай ч олны анхаарлын төвд байсаар ирсэн С.Зоригийн гэх хэргийн шүүх хурал хэрхэн өрнөж байсныг "Багц 24" буландаа онцолж байна.
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргав. Энэ оны босгон дээр дэнслэгдсэн эл хэрэгт ялагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо. Тодруулбал Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болов. Эдгээр гурван хүнийг бүлэглэн, онц хэрцгийгээр, шунайхан сэдлээр, захиалгаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь насыг нь онц хэрцгий аргаар хөнөөсөн гэж үзжээ.
Харин Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нар шүүх хурлын сүүлийн шатанд буюу шүүгдэгчид үг хэлэх мөчид энэ хэрэгт хэлмэгдсэн, гүтгүүлсэн гэдгээ хэлсэн гэдгийг тухайн үед эх сурвалж мэдээлж байсан юм.
Шүүгдэгч нарын ар гэрийнхэн ч мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр С.Зоригийн хэрэгт татагдсан бөгөөд тэрбээр өш хонзонгоо авахын тулд ийнхүү хэрэгт татсан хэмээн удаа дараа мэдээлж, цагдаа хүчний байгууллагад хүртэл хандсан. Түүнчлэн Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч ч мөн түүнийг ямар учраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт татаж, өөрөө эл хэргийг үйлдсэн хэмээн худал мэдүүлэг өгсөнд гайхаж байгаагаа өгүүлсэн. 18 жилийн турш улс төрийн аллага хэмээн яригдаж, мөрдөгдөн шалгагдаж байсан С.Зоригийн хэрэг ийнхүү ахуйн хүрээний хэрэг болон дэнслэгдэв.
Шүүх хуралд С.Зоригийн хэргийн ганцхан амьд гэрч болох Д.Булган оролцоогүй нь олны гайхширал, эргэлзээг төрүүлж байв. Тэрбээр хэрэг гарах мөчөөс эхлээд өнөөдрийг хүртэл энэ хэрэгт буруутгагдаж, басхүү аймшигт хэрэг үйлдсэн алуурчний талаарх мэдээллийг өгөх цорын ганц гэрч байсаар ирсэн. Түүний анхны мэдүүлгээр зурсан сэжигтэнүүдийн хар зураг хүртэл байдаг. Тэгэхээр уг нь Д.Булган энэ бүхний учгийг тайлалцах ёстой санагдах. Гэвч тэрбээр шүүх хуралд оролцоогүй.
Хохирогчийн ар гэр болох С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун, ах С.Баяр нар нь шүүх хуралд оролцоогүй. Угтаа эл хэргийн үнэн мөнийг олох хүсэл тэдэнд бүү хэл ард түмэн байгаа. Харин тэд шүүх хуралд оролцож, ахыгаа хэн хөнөөсөн, яагаад хөнөөх болсон зэрэг хэргийн нарийн учрыг олохын хүссэнгүй юу, эсвэл эл шүүх хуралд итгэл үнэмшилгүй байсан учраас орохыг хүссэнгүй юу ямартай ч шүүх хуралд оролцоогүй. Харин С.Оюун "Хэргийг нээлттэй болгох хэрэгтэй. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж удаа дараалан шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Ямарч хүсэлт хүлээж байхгүй байгаа” хэмээн өгүүлсэн байдаг. Гэвч шүүх хуралд С.Зоригийн ойр дотныхоноос хэн ч оролцсонгүй.
Ямартай Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнөөдөр эцсийн шийдвэрээ гаргаж, 18 жилийн оньсого хэвээр байсан хэргийн учгийг тайлах юм.
Шүүх хурлын талаарх мэдээллийг бид цаг алдахгүй хүргэх болно.
Б.Энхжин
Сэтгэгдэл (25)