Өмнөд Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас тус аймагт хууль бусаар ажиллаж амьдарч байсан Монгол Улсын иргэн, 30 настай А-г саатуулжээ. Тэрбээр найз Б-ийнхээ жолооны үнэмлэх дээр өөрийнхөө зургийг нааж, ашиглаж байгаад ийнхүү баригдсан байна.
А-ийн найз, 41 настай нутаг нэгтэн Б нь жолооны шалгалт хоёр удаа өгөөд тэнцээгүй тул А түүний өмнөөс гурав дахь удаагаа шалгалт өгч тэнцүүлэн, улмаар Б-ийн жолооны үнэмлэх дээр А өөрийн зургийг наасан байжээ. Уг хэрэгтэй холбогдуулан А-г эх оронд нь албадан буцаахаар Цагаачлалын албанд хүлээлгэн өгч, Б-гийн жолооны үнэмлэхийг хүчингүйд тооцохоор болсон байна.
Өмнөд Солонгос улсын цагдаагийн газраас тус улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн жолооны үнэмлэхийг шалгаж эхэлжээ. Энэхүү ажлын хүрээнд жолооны үнэмлэх авсан иргэдийн шалгалт өгсөн байдал болон үнэмлэх дээрх зураг өөрийнх нь мөн эсэхийг нарийвчлан шалгаж байгаа аж.