Шенгений орнууд руу зорчих визийг Бээжин явахгүйгээр Монголоосоо авах боломжтой болжээ. Италийн Элчин сайдын яам энэ сарын 19-нөөс эхлэн Итали болон Шенгений орнуудын визийг олгодог болсон байна.
Визний төрлийн хувьд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих зэрэг бүх төрөлтэй аж.
Итали улсын Элчин сайдын яамнаас иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх үүднээс виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногт багтааж гаргах зохицуулалтыг хийж байгаа юм байна. Харин иргэд виз захиалахдаа Итали улсын ЭСЯ-нд өөрийн биеэр хандахын зэрэгцээ цахим хуудас, утсаар захиалгаа холбогдох боломжтой аж.
Визний хураамж нь явж буй зорилго, төрлөөсөө хамаараад өөр өөр байх гэнэ.