Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн, оюутан цэрэгүүдтэй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд уулзаж тэднээс цэрэг эрийн цог золбоо, аз хийморийг авч, эрч хүч нэмлээ. Өнгөрсөн оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ болон Засгийн газар нийгмийн салбар бүрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний хүрээнд батлан хамгаалах салбарын багц хуулийг баталсан нь энэ салбарт ихээхэн дэвшил бий болгожээ. Үүнийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд онцолж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд төрийн албанд олон жил ажилласан их туршлагатай хэмээн тодотгов. Түүнчлэн нэр дэвшигч Миегомбын Энхболд төрийн албаны доод шатаас дээд төвшинд хүртэл ажиллах хугацаанд батлан хамгаалахын салбарт томоохон нэлээд ажлыг санаачлан хийж, хэрэгжүүлж байсан гэдгийг ч дуулгалаа. Түүнээс цухас дурдвал, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох, холбогдох хуулийг баталж, оюутан залуус суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгосон байна.
“Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу "Оюутан цэрэг" хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил орон нутагт хэрэгжүүлж буйгаараа онцлог. Тухайлбал, орон нутагт их, дээд сургуультай Ховд, Дорнод аймагт 200 гаруй, нийслэлд 700 гаруй оюутан цэргийн алба хааж байна. Эдгээр оюутан дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны хооронд цэргийн мэргэжил эзэмшиж, эх орныхоо өмнө тангараг өргөх юм. Ингэж тэд цэргийн алба хааснаар хувийн сахилга хариуцлага дээшилж, найз нөхдөө манлайлсан оюутан болж төлөвшихийн зэрэгцээ анги хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт эергээр нөлөөлдөг байна. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийн үр дүнд оюутан залуус эх оронч үзэл бодолтой болохын зэрэгцээ эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг салбарынхан онцолж байлаа.
Дээр дурдсан багц хуулиар энэ салбарын шинэчлэл хязгаарлагдахгүй учир нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө батлан хамгаалах бодлогыг тууштай дэмжин, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалыг хуульчлан бүх нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор тусгасан. Түүнчлэн зэвсэгт хүчинг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Иймд салбарт нь хийсэн ажилтай, цаашид хийх ажил, хэрэгжүүлэх бодлого нь үндэслэлтэй Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг учир энэ салбарыг ойлгох тодорхой мэдлэгтэй хүн байх ёстойг тэд хэлж байлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ их, дээд сургуульд суралцаж байхдаа цэргийн мэргэжил эзэмшиж, дэслэгч цолоор шагнуулж явсан сайхан дурсамжаа оюутан цэргүүдтэй хуваалцлаа. Түүнчлэн “Эвтэй монгол-Ээлтэй төр”-ийг цогцлоох их үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсч, цэргийн эрдэмд шамдан суралцахыг ерөөлөө.
Г.Ган-Эрдэнэ: Хийсэн бүтээснээрээ олонд танигдсан байдлыг нь харж саналаа өгнө
-Би МУИС-д суралцдаг. Зуны амралтынхаа хугацаанд цэргийн алба хаах нь бидний хувьд их том боломж. Их, дээд сургуулиа төгсчихөөд дахиад нэг жил цэргийн албанд явбал цаг хугацаа алдана. Мөн мэргэжлээрээ ажиллах боломж олдохгүй байж магадгүй. Бид одоо наймдугаар сарын 15-нд халагдана. Богино хугацаанд их зүйлийг сурч буйдаа баяртай байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хувьд хийсэн бүтээснээрээ олонд танигдсан байдлыг нь харж саналаа өгнө.
Л.Бат-Эрдэнэ: Хувь хүнийг нь харж саналаа өгнө
-Би Их засаг их сургуулийн оюутан. Ер нь аль нэгэн сонгуульд оролцож саналаа өгөхдөө хувь хүнийг нь хардаг. Энэ удаад ч мөн ялгаагүй гурван нэр дэвшигч ямар хүн бэ гэдгийг нь харж байж саналаа өгнө.
Б.Баатар: Монгол Улсын Ерөнхийлөгч мэдлэг боловсролтой байх ёстой
-Би Тээврийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдлэг боловсролтой, хийсэн бүтээсэн ажилтай, хийж хэрэгжүүлэх бодлого хөтөлбөр нь үндэслэлтэй тодорхой байх ёстой. Энэ шаардлага, шалгуурыг хангаж байгаа хүнийг л дэмжиж, саналаа өгнө.
Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб