Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн шүүхэд З.Сэлэнгэ, Б.Барсболд нарт холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Тус шүүх хуралдаанаас долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөсөн тэдгээр этгээдүүдэд 15-23 жилийн ял оноосон байна.
Талийгаач хүүгийн эцэг залуу бүсгүйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, улмаар гэр бүлээ цуцлуулан хүүгээ орхиж чадахгүй гэснээр бүсгүй хамаатны дүүдээ захиалга өгч, хүүгийн амийг хөнөөлгөсөн байдаг.
Тодруулбал, шүүгдэгч З.Сэлэнгэд 23 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Б.Барсболдод 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулахад, өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт 7 настай хүү амиа хорлосон гэсэн дуудлага Цагдаагийн газарт иржээ. Дуудлагын мөрөөр шалгахад хүүгийн үхэлд гадны нөлөө орсныг тогтоож, уг хэрэгт Б.Барсболдыг холбогдолтой гэж үзэн саатуулсан байдаг. Хэрэг үйлдэх үедээ Б.Барсболд хулгайн хэргээр шалгагдаж байжээ. Яллагдагч З.Сэлэнгэ шүүхээс ял оноох хүртэл хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй аж.