Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, СЕХ-оос мэдээлэл хийлээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “22 цагийн байдлаар ирцээ авч, нэгтгэж дууслаа. Ирцийг одоогийн байдлаар утсаар авч байна. Харин санал хураалтын мэдээ автомат системээр дамжуулж байгаа. Ирцийн мэдээ санал авах байрнаас аваад, аймаг дүүрэг нэгтгээд СЕХ-нд ирүүлж байгаа. Тиймээс ирцийн мэдээ удаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Мөн тэрбээр "Бид энэ дүнг маргааш дахин нягталж шалгана. Эцсийн дүнг сонгуулийн дүнтэй хамт гаргана. Энэ дунд дүнгээ ирүүлж амжаагүй хэсэг байгаа. Жишээлбэл, Ховд аймгийн Үенч сумаас дүн ирээгүй байна. Урьдчилсан дүн учраас дутуу хэсгийн дүн орж ирэхээр өөрчлөлт орно. Санал хураалтын дүнг шууд харуулж байгааг та бүхэн харж байгаа байх. Үлдсэн 148 санал авах байраас дүн ирээгүй байна.
Монгол Улсын хэмжээнд сүлжээнд холбогдоогүй 200 гаруй санал авах байр байна. Тэгэхээр ойр сүлжээтэй газар машинаар очиж, дүнгээ дамжуулах, хол хэсэг нь маргааш өглөө нь дүн мэдээгээ ирүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд бүх аймгийг сүлжээнд холбогдож амжаагүй байна. Сумын хэмжээнд сүлжээнд холбогдсон. Багийн хэмжээнд холбогдож амжаагүй байна. 1983 хэсэг байгаа гэж зарласан. Гадаадад байгаа сонгогчдын тооллогыг 1984-р хэсэг тоолж байна. Санал тоолох 10 машиныг тавьсан. 4800 гаруй хүний саналыг тоолж байгаа" гэлээ.
Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хууль нь нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхийн санал нь 50 хувь нэмэх нь нэг юм. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзнэ" гэдгийг тодотгов.
Сэтгэгдэл (8)