МАН-аас нэр дэвшигч М.Энхболд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгуулийн сурталчилгаа эхлэх үед хоёр нэр дэвшигчдэд хандаж ил захидал илгээсэн. Зөв, шударга өрсөлдөхийг уриалж, бэлэг ёсыг бодож алд цэнхэр хадаг хүргүүлсэн.
Гэтэл харамсалтай нь энэ удаагийн сонгууль миний уриалснаар явагдсангүй. Гутаан доромжилсэн, эвлүүлэг хэрээс хэтэрсэн, орон нутагт тэрбум, тэрбумаар нь мөнгө тээвэрлэсэн, гадаадаас сая саяар нь хандив авсан сонгууль болж өнгөрлөө. Би үүнд харамсаж байна.
Миний талаар олон удаагийн нэвтрүүлэг цацсан. Тухай бүрт нь хариултыг нь өгч байсан. Мэтгэлцээний үеэр хүртэл МАН амлалтаасаа яагаад буцсан талаарх тайлбарыг хангалттай өгсөн.
Мөн зарим нөхдүүд 60 тэрбум төгрөгийн хэрэг гэгчийг гаргасан. Энэ эвлүүлэг гэдгийг хэлсэн. Хууль хяналтын байгууллагуудын гаргасан шийдвэрийг дурдсан. Газрын наймаачин гэдэг асуулыг олон жил ярьсан. Үүнд хариу өгсөн.
Энэ удаагийн сонгуульд оролцох иргэдийн идэвх сайн байлаа. Гэвч нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал авч чадаагүй учраам СЕХ шийдвэр гаргаж, дахин санал хураалтыг явуулахаар болж байна. Тиймээс ирэх 7 сарын 9-ны өдөр санал хураалтадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сая МАХН санал луйвардлаа гэсэн утга бүхий мэдээлэл хийснийг сонслоо. МАХН болон бусад улс төрийн хүчнүүд МАН руу дайралт хийдэг. МАН бол СЕХ шаардлагыг биелүүлдэг, улс төрийн соёлтой нам. СЕХ-г шалгая, саналын хуудсыг тоолъё гэх санал гаргаж байгаад дэмжиж байна. Хэрвээ саналын дүнд эргэлзээ байгаа бол хамтраад шалгаж болно гэдгийг хэлмээр байна. Сонгуулийн Ерөнхий хороо саналын хуудсны 50 хувьд гар тооллого явуулахад зөрүү гараагүй гэх мэдээллийг өгсөн.
Түүнээс гадна СЕХ 7 дугаар сарын 9-ны өдрийг зүгээр нэг сонгоогүй байх. Хуулиндаа 14 хоногийн дотор санал хураалт зохион байгуулах ёстой. Тиймээс энэ хугацаанд саналын хуудас хэвлэхээс эхлээд бэлтгэх ажил, зардал, төсөв байгаа учир энэ өдрийг сонгосон байх. Тиймдээ ч баяр наадмын өмнө сонгуулийн ажлаа өндөрүүлэх нь зөв юм” гэлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (39)