Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн шүдний өвчлөл газар авч, эцэг эхчүүдийн толгойны өвчин болох болсон. Тэгвэл хүүхдийн шүдний өвчлөлийн шалтгаан болоод хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч М.Батцэцэгтэй ярилцлаа.
-Манай улсад хүүхдийн шүдний өвчлөл сүүлийн үед нэлээд нэмэгдэх болжээ. Үүний шалтгаан нөхцлийн талаар яриагаа эхлүүлье?
-Хүүхдийн шүдний өвчлөл нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүний дотор хоол хүнс, шүдний арчилгаа, нийгмийн хүчин зүйлсээс голлон шалтгаалдаг гэж үздэг. Монголчууд эрт дээр үеэсээ сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэж, кали калциа нөхөж авдаг байсан бол сүүлийн үед энэ нь хомсдож, иргэд бэлэн, зөөлөн чанарын хоол хүнс хэрэглэх болсон нь шүдний паалан зөөлрөх, яс нь сийрэгжих, мэрэх үйл ажиллагаагаа багассанаас болоод шүдний тулгуурын өвчлөл, гажиг, цоорол их үүсэх болсон.
-Шүдний өвчлөлийг насны хувьд ангилж үзвэл аль насныханд ямар өвчлөл зонхилж байна вэ?
-Хүний шүдийг сүүн шүдлэлтийн үе, сүүн шүдлэлтээс байнгын шүдлэлт рүү солигдлын үе, байнгын шүдлэлтийн үед гэж гурван үед хувааж авч үздэг. Сүүн шүдлэлтийн үед шүдний цоорлын өвчлөл зохиолдог. Сүүн шүдний паалан байнгын шүдийг бодвол маш зөөлөн байдаг учир цоорох нь элбэг тохиолддог. Нэг цоорчихвол бусад шүдэндээ халдварлах нь хурдан явцтай байдаг. Нэг шүдний цоорол 700 гаруй нэр төрлийн нянгаар үүсгэгддэг учир хурдан халдварладаг юм. Харин байнгын шүдлэлтийн үед шүдний тулгуурын өвчлөл, гажиг, сувгийн өвчлөл, цоорол, буйлны үрэвсэл их байдаг.
-Сүүлийн үед хөхөн сүүний цоорол гэх зүйл их гарах болсон. Сүүн шүдний цоорлын шалтгаан нь энэ мөн болов уу?
-Хүн юм ярих үед шүлс ялгарч шүдийг цэвэрлэж байдаг. Харин шөнө хүн унтаж амрах үед шүлс шалгарал багасдаг. Тиймээс энэ үед цоорол явагдаж, даамжрах явдал байдаг. Гэтэл ээж нар яг энэ үед нь хүүхдээ хөхүүлчихээд амны хөндийг нь цэвэрлэхгүй амраадагаас болж цоорол явагддаг. Үүнийг хөхөн сүүний цоорол гэж хэлээд байгаа юм.
-Тэгвэл сүүн шүдний цоорол нэгэнт явагдсан, эмчлэх боломжгүй болсон бол яах ёстой вэ. Сүүн шүдийг авч болдог юм болов уу?
-Нэгэнт цоорол үүссэн бол түүнд нь тохирсон эмчилгээнүүдийг нэн даруй хийлгэх хэрэгтэй. Харин өвчилсөн шүд нь нэгэнт хорхойтож ёзоор үлдсэн, үрэвслийн гол шалтгаан болсон, арын шүд нь ургасан гэсэн тохиолдолд зөвхөн заалтаар авдаг. Түүнээс бус эцэг эхчүүд өвдсөн гээд шууд дур мэдэн авахуулж огт болохгүй. Учир нь сүүн шүд байнгын шүдний зайг хадгалж байдаг учраас түрүүлж авахуулвал гажиг үүсэх магадлалтай байдаг гэдгийг анхаарах нь чухал.
-Тэгвэл шүдний өвчлөлөөс хэрхэн сэргийлэх боломжтой вэ. Анагаах ухаан талаасаа шүдний өвчлөлөөс сэргийлэх олон арга байдаг. Хар, цагаан түрхлэгийн ялгаа, үр дүнгийн талаар та тайлбарлаж өгөөч?
-Цагаан идээг ихээр хэрэглэж хэвшвэл шүдний өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Мөн мах махан бүтээгдэхүүнийг ялз чанаж, зөөлрүүлж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх маш олон арга хэрэгсэл дэлгэрсэн. Тухайлбал урьдчилан сэргийлэх цагаан түрхлэг гэж бий. Үүнийг эрүүл шүдэн дээр түрхэх бөгөөд сүүн шүднээс эхлээд бүх насныхан хэрэглэх боломжтой. Цагаан түрхлэгийг эхний түрхлэг түрхүүлснээс зургаан сарын дараа дахин түрхүүлэх ёстой байдаг. Ингэж байж курс эмчилгээ болдог. Мөн хар түрхлэг гэж байдаг. Энэхүү түрхлэгийг өнгөц болон дунд цоорлын үед хэрэглэж, шүдийг цааш өвчлөх, цоорлыг цааш үргэлжлэхээс сэргийлдэг Япон улсын түрхлэг юм. Хар түрхлэгийг дээрх цоорлын үед л хэрэглэх ёстой. Гэтэл манайхан шүдний цоорлын гүн үед нь түрхүүлчихээд үр дүнгүй байна гээд байдаг. Хэрэв гүн үед нь түрхүүлвэл ямар ч үр дүнгүй. Ер нь иргэд зургаан сар тутамд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, шүднийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах нь чухал юм.
-Хүүхдийн шүдийг хэдэн настайгаас нь угаах ёстой байдаг юм бол, хэрэглэх бүтээгдэхүүний хувьд ямар байх ёстой вэ?
-Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн амны хөндийг цэвэрлэх ёстой. Ингэхдээ сүүн шүд ургах хүртэл цэвэр буцалсан усаар, харин 1-3 настай хүүхдийн шүдийг фторгүй оогоор, насанд нь тохирсон сойзоор угаах хэрэгтэй. Энэ насныхан өөрөөсөө фторынхоо хэрэгцээг авдаг учир фторгүй оо хэрэглэхийг зөвлөдөг юм. Харин гурваас дээш насныханы шүдийг фтортой оогоор угаах шаардлагатай.
-Иргэд шүдний арчилгааг дутуу хийснээс болж, өвчлөл үүсгэх тохиолдол байдаг байх?
-Тийм ээ. Аль ч насныханд шүдийг зөв угаах арга техник гэж байх ёстой. Шүдийг олон удаа буруу угааснаас тохирсон цаг хугацаанд нь зөв арга техникээр ганц удаа угаах нь илүү үр дүнтэй байдаг. Манайхан өглөө дөнгөж босоод шууд шүдээ угаадаг. Энэ нь буруу. Харин өглөөний цайны дараа мөн өдрийн хоолны дараа, шөнө унтахынхаа өмнө шүдээ зөв угааж хэвших нь чухал. Шүдийг зөв арга тенхикээр угаах талаарх эмч нарын зөвлөгөө цахим сайтуудад маш их байгаа. Бид ч энэ талаарх мэдээллийг дараа хүргэх болно. Ер нь хүүхдийг шүдний өвчлөлөөс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч, эмч гээд бүгд анхаарал хандуулах хэрэгтэй. Түүнээс шүд нь цоорчихлоо гээд эмчид хандах нь өвчлөлөөс сэргийлж байгаа зүйл биш юм.
Цоорол их байх тусам илүү их нянтай байна гэсэн үг. Гэтэл тэр бүх нян нь хоол хүнс, шүлс, амьсгалаар дамжиж хоолой болон дотор эрхтэнд халдарлагдаж, аливаа өвчлөлийн үүсгэвэр болоод буйг эрдэмтэд батлаад байгаа. Тухайлбал буйлны үрэвсэл нь тулгуур эрхтэний өвчин болдог. Саяхан микробиологич Базаррагчаа багш буйлны үрэвсэл нь элэгний цироз өвчин үүсгэдэг гэдгийг баталсан. Энэ мэтээр шүдний өвчлөл нь аливаа өвчний эх үүсвэр болдог гэдгийг л иргэд ойлгож, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм.
-Зарим хүүхэд шүдээ угаах их дургүй байдаг. Энэ нь юутай холбоотой байдаг юм бол?
-Япончууд шүдний өвчлөлөөс өөрсдийгөө маш сайн хамгаалж чадсан улс. Тухайн улсад хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд калцийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглүүлж, жирэмсэн эхчүүддээ амаржсаныхаа дараа хүүхдийнхээ буйлыг хэрхэн цэвэрлэж, арчлах ёстой вэ гэдгийг хүртэл заадаг. Тиймээс манай ээжүүд ч гэсэн хүүхдийнхээ шүдийг ургахаас нь өмнө буйлыг нь сайн цэвэрлэж, шүд угаах бэлтгэлийг нь хангаж, сургаж өгөх хэрэгтэй. Тодруулбал нярай хүүхдийг буйлыг цэвэрлэхдээ хуруундаа маарал ороож байгаад цэвэр буцалсан усанд дүрээд буйлыг нь зөөлөн арчиж, цэвэрлэдэг. Ингэснээр хүүхэд том болоод шүдээ угаахад бэлтгэгддэг бөгөөд шүд угаахад огилт өгөхгүй байх боломжийг бүрдүүлдэг юм.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (4)