Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

Т.Сэр-Од: Аялал жуулчлалын салбарт соёл урлагийн бүтээлч санааг агуулсан шинэ контент бүтээхийг зорьж байна

2017 оны 7 сарын 16

 

Хөвсгөл аймгийн төв  Мөрөн хотод энэ сарын 21-нд болох “One world-One Khuvsgul” фестивалийн  хүрээнд  “Авьяаслаг жуулчин”  уралдааныг анх удаа  зохион байгуулахаар болжээ. Энэ талаар фествалийн үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагч  “Do Re sound” продакшны захирал, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одоос тодрууллаа.


 

-Хөвсгөл аймагт жуулчдад зориулсан шоу уралдаан болох гэж байгаа юм байна. Яагаад ийм арга хэмжээ зохион байгуулахаар болсон юм бэ?

 

- “Хөвсгөл-Нэг үе “ клубынхан биднийг нутгаа гэх халуун сэтгэл нэгтгэдэг. Бас  бүтээе, дэмжье, туслая, хөгжүүлье   гэсэн бодол маань хурцалдаг. Энэ хугацаанд өөрсдийнхөө санхүүгийн боломж бололцоогоороо олон ч ажлыг зохион байгуулж, цөөнгүй бүтээн байгуулалт өрнүүлж, тэр дундаа спорт, урлагийн салбарт ч тэр,  хүмүүнлэгийн үйлсэд ч тэр  хувь нэмрээ оруулсаар ирсэн.  Энэ онд  манай клубын 10 жилийн ой  тохиож байна. Бид бүхэн ойн баяраараа  өөрсдийгөө баярлуулах гэхээсээ илүү    түмэнд тустай, олонд дэмтэй, нутаг орондоо хэрэгтэй зүйл хийх юмсан л гэж зорьж байгаа юм. Тэр сэтгэлийн  үүднээс  “One world-One Khuvsgul” фестивалийг зохион байгуулахаар шийдсэн хэрэг. Цаашид   дотоод, гадаадын аялагч, жуулчид хүсэн хүлээж ирж оролцдог, энэ үеэр нь орон нутгийн болон бусад газраас ирсэн  аж ахуйн нэгж, иргэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилдаг,  борлуулдаг, бүх нийтийг хамарсан Хөвсгөлийг сурталчлах уламжлалт арга хэмжээ  болгон зохион байгуулагддаг олон улсын фестиваль болгоосой гэж хүсч байгаа.Хэрвээ жил бүр  зохион байгуулагдаж, олон сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээтэй болж өргөжсөөр байвал  Хөвсгөлийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутагт орох орлого өсч, аялал жуулчлалын тулгуур төвийн хөгжилд бодиттой дэм болох болов уу гэж хэтийг харж байгаа юм. Тиймээс энэ фествалийн хүрээнд жуулчдын сонирхол, анхаарлыг татах, оролцоог нь нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж, “Авьяаслаг жуулчин” шоу уралдааныг  явуулахаар боллоо. Аялал жуулчлалын салбарт соёл урлагийн бүтээлч санааг агуулсан шинэ  контент бүтээх эрмэлзэлтэй ч гэх үү дээ. Зохион байгуулалт, шүүлт, хөгжим  найруулга бүгдийг  “До Ре sound”  продакшн,  “B Sound” продакшн, Чоно хамтлагын ахлагч  Д. Дэрмээ нар хариуцан ажиллана.

 

-Шоу уралдаанд хүссэн жуулчин болгон оролцох боломжтой юу?

 

-Оролцогчдын тоог хязгаарлахаас аргагүй байгаа.  Энэ жилийн хувьд уралдаанд бүртгүүлсэн эхний 15 оролцогч л оролцох эрхийг авна. Цаашид үйл ажиллагаа өргөжөөд жил бүр уламжлал болгон явагддаг болохоор  оролцогчдын тоо, цар хүрээ нь нэмэгдэх нь гарцаагүй. Баг болж  оролцох нь нээлттэй. Баг дотор олон хүн ч байж болно, хоёр  хүн ч байж болно. Энэ  уралдаанд гадаадын жуулчид урлагийн чөлөөт төрлүүдээр оролцоно.  Ая, понограмыг  оролцогчид  бэлдэж ирнэ. Хөтөч /guide/ уралдаанд дэмжигч, туслагчийн үүргээр оролцох боломжтой юм. Мөн хөгжим, техник хэрэгслийг зохион байгуулагч хариуцна. Монгол оронд аялж жуулчилж явж байгаа бүх хүмүүс  байгалийн сайхныг мэдрэхээс  гадна хөгжилтэй, сонирхолтой, адал явдалтай, баяр хөөртэй өнгөрүүлээсэй.  Сэтгэл дүүрэн, дурсамж ихтэй өнгөрүүлсэн аялал тэр хүний хувьд түүх болж үлддэг шүү дээ. Тийм болохоор “Авьяаслаг жуулчин” уралдааныг  үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж, бие даасан нэг хэсэг болгож оруулж байгаа. 

 

-Шагналын санг нь сонирхож болох уу. Бас шүүлтийн хувьд ямар шалгуур тавих вэ?

 

-Уралдааны шүүгчдийг зохион байгуулж буй байгууллагын зүгээс томилно. Шүүгчид нийгмийн сүлжээний хандалт, үзэгчдийн саналыг харгалзан үзнэ.


Оролцогчдоос эхний 3 байрыг шалгаруулж 7-р сарын 21-ны  орой болох “ONE WORLD ONE KHUVSGUL” шоунд оролцуулна. 
1-р байр: 500$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
2-р байр: 300$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
3-р байр: 200$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх гэсэн шагналтай байгаа.

 

Монголыг зорьж ирсэн гадаадын   жуулчдад аялал жуулчлалын  компаниудад мэдээлэл хүргэж,  энэ уралдаанд   идэвхитэй оролцуулахыг урьж байна. Мөн хувиараа аялж яваа аялагчид  ч бид бүхний зохион байгуулах арга хэмжээнд өргөнөөр  оролцоорой гэж хэлье.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...