“Хөвсгөл Нэг үе” клуб иргэдэд эко боловсрол олгох, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, хог хаяхгүй байхыг уриалж Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Намнан уулын араас Хатгал тосгон хүртэлх аялал жуулчлалын гол урсгал, зам дагуу сурталчилгааны 13 самбар босгох бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгажээ. Сурталчилгааны энэхүү самбаруудад "Мод бидний уушиг юм" зэрэг эерэг ойлголт төрүүлэх, ухаарал хайрлах, гэгээлэг утгатай үгтэй аж.
Далай ээж хүрэх зам хоггүй, цэвэр байгаасай хэмээн тус клубынхан зургадугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран Булган аймгийн хилийн заагаас Хөвсгөл далай хүртэлх зам дагуух хогийг цэвэрлэсэн юм. Түүний дараагаас энэхүү самбар босгох ажлыг эхлүүлсэн юм байна. Байгаль орчны боловсролыг байгальд гэсэн уриатай энэхүү ухуулан таниулах ажлыг нутгийн иргэд төдийгүй аялж, амрахаар зорьсон аялагчид дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Зандарч, шаардаж, тулгахаас илүүтэйгээр иргэдийн сэтгэлгээг ногооруулах, хаа тааралдсан газраа хогоо шидчихдэг буруу дадал хэвшлийг өөрчлөхөд таниулан ухуулах, ой тойнд ортол мэдээлэлжүүлэх нь чухал юм.Хог хаядаг сэтгэхүйгээ өөрчилж чадахгүй бол улс даяараа гарч цэвэрлээд ч нэмэргүй.Дахиад л удалгүй хогондоо дарагддаг. Тийм болохоор “Хөвсгөл нэг үе” клубынхан өөрсдийнхөө боломж бололцоондоо түшиглэн ийнхүү нийгмийн сайн сайхны төлөөх сайн үйлсийг эхлүүлээд байна.
Агаар уснаас ч илүү чухал зүйл. Учир нь хүн усгүй 3 хонож чадах бол агааргүй, хүчил төрөгчгүйгээр хэдэн минут ч амьд байх боломжгүй. Тиймээс хүн бүр агаарыг цэвэршүүлж, хүчил төрөгчийг нэмэгдүүлж буй зүлэг ногоо, ой модоо, ногоон байгууламжаа хайрлаж, хамгаалах үүрэгтэй юм.
Ногоон сэтгэлгээг давалгаалуулахын тулд дараах хэдэн дадлыг та өөрийн өдөр тутмын амьдралдаа төлөвшүүлээрэй хэмээн “Хөвсгөл нэг үе” клубынхан уриалж байна. Тэд “Гэртээ, ажил, цэцэрлэг, гудамж, амралт, үйлчилгээний газар, уул, гол усанд хаана ч гэсэн хог хаяхгүй байх, амралтаар явах, агаар салхинд гарах үед гарсан хог хаягдлаа тагтай саванд эсвэл хогийн уутанд хийгээд авчирч, хогийн саванд хаяж хэвших, орчин тойрондоо цэвэр цэмцгэр байх нь өөртөө төдийгүй бусдад тусалж байгаа сайн үйлс юм” гэлээ.