УИХ-ын гишүүн Д.Гантулгын гэх хэрэг сүүлийн үед нэлээд дуулиан дагуулаад байгаа. Тэгвэл өнөөдөр тус хэргийн хохирогчид гэгдэх хүмүүс Авлигатай Тэмцэх Газрын үүдэнд мэдээлэл хийлээ.
Тэд шүүх эмнэлгийг Д.Гантулгын хүчингийн хэргийн нотлох баримтыг устгасан хэмээн үзэж, дээрх газрыг АТГ-т өгч байгаа аж. Энэ үеэр хохирогчийн өмгөөлөгч М.Ичинноров “УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд мөрийн баримт, нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн УИХ-ын гишүүний шаардлагаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр бид өнөөдөр АТГ-т хандаж байна.
Зургадугаар сарын 12-ны өдөр эл хэрэг үйлдэгсэн. Бид тухайн өдрөө цагдаад хандсан. Эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Харин шинжилгээний хариу зургадугаар сарын 15-ны өдөр гарсан байдаг. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл шинжилгээний хариуны тэмдэглээн дэх эр бэлгийн эс илэрсэн гэсэн мэдээллийг арилгаж өөр мэдээлэл бичсэн байсан.
Бид хохирогчийн ор хөнжлийн даавуу болон дотуур хувцсыг өөр дээрээ авсан. Тэгэхээр шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас үүнийг тогтоож өгөөч, эд мөрийн баримтыг устгасан хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа юм. УИХ-ын гишүүнээс ч мөн хохирогчоос уучлалт гуйхыг шаардсан. Бидэнд өөр олон ярих асуудал бий. Энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хүний хооронд болоод өнгөрсөн зүйл гэж яриад өнгөрч болохгүй. Үүний ард төрийн албан тушаалтан өндөр босготой байх зэрэг асуудал хөндөгдөнө.
Маш том цэвэрлэгээ хийгдэх асуудал гэж бодож байна. Зөвхөн хүчингийн хэрэг гэж үзэж болохгүй, нийгмийн маш том цэвэрлэгээ. УИХ-ын гишүүн ёс зүйн зарчимтай болох ёстой. АТГ-т хүсэлт өгсний дараа УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүйн Байнгын хороонд хандана. Учир нь Д.Гантулгыг сонгосон тойргийн иргэд бидэнд хандсан” гэлээ.
Харин хохирогчийн эгч Ч.Саранзаяа “Дүү маань энэ хэрэг илрэхгүй өнгөрөхвий гэсэн айдастай байгаа. Тиймээс ч хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал дээрээ шалгуулахад бэлэн байна гэж хэлсэн амлалтдаа хүрч, шалгуулаач гэдгийг хэлмээр байна. Ер нь бол илэрсэн толбыг шалгуулахад л энэ хэрэг илэрчих боломжтой. Д.Гантулга дөрөв хоногийн өмнө найзаараа дамжуулаад тохиролцъё гэж хэлсэн" гэдгийг онцолсон.
24tsag.mn
Сэтгэгдэл (32)