Энэ долоо хоногт улс төрд болоод нийгэмд олон үйл явдал болж өнгөрлөө. Хоёр сонгууль дамжин яригдсан 60 тэрбумын асуудал дахин сөхөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхааруулсан бол нийслэлд болон хөдөө оронт түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон айл орох оронгүй болсон байгалийн гамшигт үзэгдэл болов. Энэ долоо хоногт болсон үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асуулаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан бөгөөд гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодруулан асууж байлаа. Мөн энэ асуудал нь олон улс дахь Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон анхааруулав.
Уулзалтын үеэр АТГ-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр Монгол Улсын төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг маш ноцтой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон хамгийн гол гэрч болох Г.Доржзодовыг нэг ч удаа байцаагаагүй гэдгээ хэллээ. Энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагаас шаардлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болголоо. Уг зарлигийг хүчингүй болгосноор Зэнээмядарын Батбаяр нь Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд олон сар яригдаж байгаа. Энэхүү өөрчлөлтийг Ардчилсан намаас эсэргүүцэж, "Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ” хэмээн өчигдөр мэдэгдэл гаргав.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар энэ сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан юм. Мөн 20 айл өрхийн гэр нурж, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийссэн. 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон юм.
Түүнчлэн энэ сарын 25-ны өдөр түр зуурын борооны дараах үерээс болж СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгонд гурван хүний амь нас эрсдэж, долоон айл орон гэргүй болсон байгалийн гамшигт үзэгдэл болов. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгааг албаныхан хэлж байна. Үерийн улмаас сүмийн цуглаанд очоод буцаж явсан хүүхдүүд үерийн усанд боогдож нэг хүүхэд амиа алдаж, нэгэн эмэгтэй эсгийнд ороогдсон байдалтайгаар амьсгал хураасан байсныг онцгойгийнхон олжээ. Түүнчлэн таван настай охины цогцсыг аврагчид зургаан цаг орчим хайсны эцэст олсон юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (16)