Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон даруйдаа оффшор данстай улс төрчдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ хэмээн тангараг өргөх үеэрээ мэдэгдсэн билээ. Тиймдээ ч төдийгөөс өдий хүртэл гадаадад данстай, үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн нэрлэгдэж ирсэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Үүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд тухайлан нэг нэр дэвшигчийг дэмжин ажиллаж хууль зөрчсөн гэсэн үндэслэл ч давхар явж буй.
Харамсалтай нь түүний албан тушаал монгол төрийг удирдан жолоодогчдын дунд “хэрүүлийн алим тарьж” нэг хэсэгтээ л ордныг үймүүлсэн нь олон хүнд таалагдаагүй. Гэвч тэр ирэхээр болж. Өөрөөр хэлбэл С.Баяр Элчин сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гарсан хүсэлтэдээ “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх томилгоог цуцлахыг УИХ-тай зөвшилцөхөөр албан бичгээр ханджээ. Энэ нь тэнд хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаас үл хамааран Элчин сайдыг томилдог Монгол төрийн нэг инситуцээс татгалзаж байгаа хэрэг юм. Иймд Элчин сайдын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө” гэсэн утга агуулгатай байсан талаар зарим хэвлэл мэдээлсэн байна.
Элчин сайдын суудал С.Баярт ээлээ өгөөгүй. Нууцлаг эхнэрийн ааш аягаас эхлээд нуусан хөрөнгө нь илж болж, охидуудынх нь оффшор данс илэрч, олон монголчууд эсэргүүцлийн жагсаал хүртэл хийсэн. Гэхдээ энэ нь төрийн өндөр албан ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан түүний анхны тохиолдол биш. 2009 онд Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүслээр татгалзаж байсан удаатай. Эрүүл мэндийн шалтгааны улмаас хэмээн Ерөнхий сайдын суудлаа өгчихөөд Төрийн ордноос гарч одсон. Харин энэ удаа түүнийг монголын улс төрд хэн нэгэн “урьсан” гэх хардлага олны дунд байна.
С.Баяр бол МАН-ыг далдаас удирдлагчдын нэг. Тэр дундаа М.Энхболдын засаглалын үед хоёр ч сонгуулийн үед гар нийлж ажилласан эрхэмүүд. Өнөөгийн нөхцөл байдлаар М.Энхболд эвгүйтээд байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, намын даргынхаа суудлыг алдахын хажуугаар УИХ-ын даргын суудал нь ганхаад эхэлчихсэн. “60 тэрбум” төгрөгийн хэрэг ч түүнийг ороогоод эхэлчихсэн нь нэрмээс болж буй. Тиймээс түүнд найдвартай хамтрагч хэрэгтэй. Тэр нь С.Баяр байж болох уу гэх таамаглалууд ч хөвөрсөөр.
Ямартай ч С.Баяр дипломат албанаасаа чөлөөлөгдмөгцөө улс төрийн амьдралд идэвхтэй оролцох гэж буй бололтой. Тэрээр МАН-ын даргад нэр дэвших өндөр магадлалтай гэх Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын хэнийг нь ч дэмжихгүй байгаа гэх бөгөөд “Михаилд нэг бодол бий” гэдэг шиг түүний хийсэн нүүдэл болгоны цаана нэг учиг байдаг хойно МАН-д өрнөх бужигнаан хэрхэн сонирхолтой үргэлжлэхийг ажигласаар сууя.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (62)