Уламжлалт өв соёл, ардын урлалыг хөгжүүлэх чинхүү хүсэл сэтгэлтэй гэр бүлийн санаачилга болон нутгийн иргэдийн хандиваар Батноров буюу Тожил хийцийн 3.2 метрийн өндөртэй эмээлийн баримал, 3.4-3.8 метрийн өндөртэй тамганы хөшөөнүүд Хэнтий аймгийн Батноров сумын Бүрдэн толгой гэх газар сүндэрлэжээ.
Батноров сумын уугуул И.Авирмэд Хэнтий аймагт ардын урлалын хөшөө босгох талаар гэр бүлийнхэнтэйгээ 2012 оноос яриа өрнүүлж, сумын Засаг дарга Г.Тайванжаргал дэмжсэнээр ийнхүү ажил хэрэг болгожээ.
Уг хөшөөний эх загварыг Хэнтий аймгийн Зураач, урчуудын холбооны тэргүүн Д.Батхуяг гарган, тус холбооны уран бүтээлч Ө.Ууганбаяр, Б.Отгонбаатар, Б.Мөнхжин нар нэг сарын хугацаанд урлан бүтээжээ. Ардын урлалын төлөөлөл болсон боржигон эмээлийн баримлын сууринд Батноров хийцийг үндэслэгч Тожил дархны тухай мэдээлэл, Монгол Улсын Гавьяат уурхайчин Чулуунбатын үг, МУСТА Бадралын ая “Мөнгөн чимэгтэй эмээл” дууны үг зэргийг байрлуулсан байна.
Мөн хөшөөнүүдэд Даяны хадны сүг зураг, Идэрмэг сумын Дүнгэнэдэг Хадны сүг зургууд болон адууны тамгануудыг оруулжээ.
Д.Одонтунгалаг
Сэтгэгдэл (3)