Өнөөгийн улс төрийн тавцанд МАН-ынхан цусгүй тулаанаа эхлүүлээд буй. 60 тэрбумын хэргээс улбаалсан тэдний зөрчил тэмцэл яваандаа бие биенээ тагнаж, чагнахад хүрч, хэрэв могой бариулсан “гэрч”-үүд нь ажилдаа улайрсан бол биенийхээ амь насыг ч аюултай байдалд оруулж мэдэхээр байсныг ярьсаар байгаа. Хууль, хяналтынхан ч энэ хэргийн араас орж, гардан гүйцэтгэсэн гэх зургаан хүнийг цагдан хориод байна. Ийнхүү том намд том “дайн” дэгдэж байх зуур нэг угшилтай МАХН-д жижиг гэлтгүй асуудал нь дуулиан болж гишүүд дэмжигчдийнх нь анхаарлын төвд оржээ. Тус намыхан байс гээд л хуулиар бол авлига харин тэднийхээр бол авлага авдаг. Гэвч хяслантай юм шиг нөгөөхөө авч байгаад газар дээрээ баригддаг нь тус намыхны ёс болсон гэлтэй. Хоёр ч үйлдэл нь шүүхээр тогтоогдож, шийдвэрлэгдэв.
МАХН бол Улсын Их хурлын гишүүн О.Баасанхүүд уг нь баярлаж явах учиртай. МАХН-ыг улс төрд төлөөлж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшүүлэх эрх тэр л олгосон. Энэ утгаараа тэр намдаа жаахан томорчиход гэмгүй. Харамсалтай нь түүний амыг барьж, хөл гарыг нь тушдаг намын дарга Н.Энхбаяр өөрөө намаасаа хөөгөөд дийлсэнгүй юу худаараа хөөлгөж, элдэвээр хэлүүлсэнд эрхэм гишүүн дургүйцэв.
Тэдний зөрчил Г.Шийлэгдамбаар үргэлжилсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн 268.2 буюу бусдаас хээл хахууль авсан зүйл ангиар 5.1 жилийн хорих ял оноосон. Тухайн үед Г.Шийлэгдамбын харьяалагддаг МАХН-аас О.Баасанхүүгээс өөр нэг ч гишүүн байр сууриа илэрхийлээгүй. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Г.Шийлэгдамба сайд маань 60 тэрбумын золиос болоод 5.1 жилийн ял авлаа. Сайдын төлбөрөө төлөх гэж яваад алдав. Н.Э дарга баярлаж байгаа биз” хэмээн жиргээд авсан. Мөн “Би Шийлэгдамба сайдын хажууд байсан. Цаашид ч байх болно. Удахгүй 461 анги орж уулзана” гэсэн нь эрхэм даргын эгдүүг багагүй хүргээд авсан энэ юм.
Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадын иргэнээс 50 сая воны хандив авсан гэдгийг тогтоов. Улмаар С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Мөн сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Харин өнөө цагт МАХН энэ үгний илэрхийлэл болсон гэлтэй. Хэдийгээр намын дарга Н.Энхбаяр одоохондоо С.Ганбаатарыг халгаад хаячихаагүй байгаа ч Н.Энхбаярын эрээн дотроо гэх хашир улс төрчийн үг байдаг билээ.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (11)