Дотоодын нийт бүтээгдэхүүн, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны эхний хагас жилд 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.9 (5.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 60.3 (2.5%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5 (7.9%) тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6 (21.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Дотоодын нийт бүтээгдэхүүн, оны үнээр 2017 оны эхний хагас жилд 12.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 (16.8%) их наяд төгрөгөөр өслөө. Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны 2 дугаар улиралд өмнөх улирлаас 2.4 хувиар өссөн байна.
Мөн 2017 оны эхний хагас жилд эцсийн хэрэглээ 62.7 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 31.8 хувь, цэвэр экспорт 5.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал 7.6 пункт, цэвэр экспорт 2.3 пунктээр өсч, харин эцсийн хэрэглээ 9.9 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.