МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар анх удаа мэдээлэл өглөө. Тэрбээр 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг эвлүүлэг хэмээн мэдэгдсэн юм.
А.Ганбаатар: “60 тэрбум” төгрөг гэх нэр холбогдоод байгаа Ганбаатар гэж хүн байна. Би МАН-ын гишүүн. Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуйгийн зөвлөхөөр ажиллаж байсан.
Сүүлийн жил гаруйн хугацаанд би Тагнуулын Ерөнхий газар болон АТГ цагдаа, хууль хяналтьын байгууллагад тайлбар мэдүүлэг өгөөд явж байна. Энэ хугацаанд яагаад хэвлэлийнхэнд ханлаагүй гэвэл хуулийн байгууллагууд энэ талаар мэдээлэхийг хориглосон. Тиймээс би хуулиа дээдэлсэн.
Гэвч сүүлийн үед энэ хэрэг хэрээс хэтэрлээ. 2016 онд хоёр минутын бичлэг гаргаж ирж байсан бол 2017 онд 90 минут боллоо. Сая 40 минутын бичлэг гаргаж ирж байна. Ирэх 2020 оны сонгуулиар энэ 200 минутын бичлэг болох уу.
Хувь хүнийхээ хувьд нөхцөл байдал ямар байдлаас үүсэв. Яг ийм хэрэг болж байсан юм уу гэдэг талаар үнэн бодит мэдээллийг өгөхөөр сууж байна. Би хоёрхон асуудлыг баримттай хэлье.
Нэгдүгээрт, энэ Г.Доржзодов гэдэг хүн өөрөө “60 тэрбум” төгрөг босгох санхүүгийн схем, төлөвлөгөөгөө гаргасан. Бид энэ төлөвлөгөөтэй танилцаж байсан. Гэтэл тэр хүн өөрийнхөө хийсэн юмыг бид нарын хийсэн хэрэг болгож байна.
Хоёрдугаарт, Г.Доржзодов манайд ажиллах хугацаандаа надтай хамт олон хүмүүстэй уулзсан. Тэр үеийн бичлэгээ нийлүүлээд эвлүүлээд гаргаад байна.
Доржзодов өөрөө нам ялбал ийм схемээр явах хэрэгтэй гэсэн. Гэтэл одоо тэр хүн надад ийм хэмжээний мэдлэг, чадвар байхгүй гээд байх юм. Манай компанид ажилд орохдоо албан ёсны анкетаа бөглөсөн байдаг. Бид одоо тарааж өгнө. Тэр анкетаас тэр хүн ямар хэмжээний мэдлэгтэй, санхүүгийн боловсролтой гэдэг нь харагдана.
Ер нь ийм уулзалт болсон уу гэвэл, болсон. Миний өөрийн компанийн байрны дөрвөн давхарт болсон. Би өөрөө Нийслэлийн намын хорооны үйл ажиллаганы төлөвлөгөөг хийж байсны хувьд Доржзодовын хийсэн төлөвлөгөөг ярилцсан зүйл бий. Гэхдээ энэ уулзалтад Доржзодовын гаргаад байгаа хүмүүс шиг байгаагүй. Харин яагаад жинхэнээсээ байсан хүмүүсийн дуу авиа нь гарахгүй байна, гаргахгүй байна вэ гэдэг их сонин байна.
Энэ уулзалтанд нийслэлийн намын хорооны ларга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, А.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй болсон. Гэтэл У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар яагаад өнөөдрийг хүртэл 60 тэрбумын схемийн талаарх яриа болоогүй гэдэг талаар ярихгүй, дуугарахгүй байгааг нь ойлгохгүй байна. Энэ хурал дээр нийслэлийн намыг хороог яаж өндөр түвшинд гаргах вэ гэдэг талаар л ярилцсан.
Өнөөдөр намайг 60 тэрбум төгрөгийн схемийг зохиосон гэж байна. Би төрийн албанд ажиллаж байгаагүй. Сүүлийн 20 гаруй жил бизнесийн байгууллагад ажилласан. Итгэл үнэмшилээрээ энэ намд орсон. Энэ намд чаддаг, мэддэг юм байвал тус хүргэх юмсан гэж бодож орсон.
Сүүлийн үед манай намыхан хүртэл “60 тэрбум”-ийн талаар ярьж байна. Үнэхээр Г.Доржзодовын зохиосон схемийг үзсэн, сонссоноороо буруудаж байгаа бол тэд байсан Шадар сайд У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар бас хамтдаа буруудах байлгүй. Яагаад тэр уулзалтын талаар худлаа мэдээлэл яваад байхад дуугүй яваад байгаа юм бол. Харамсаж байна.
Энэ уулзалтаас 10 гаруй хоногийн дараа Доржзодов өөрийн зохиосон “60 тэрбум”-ийн нарийвчилсан схемаа танилцуулж байсан. Эхэндээ төлөвлөгөөг нь хараад хоорондоо “тоглож” байсан юм бий. Тэр сүүлийн 40 минутын бичлэг дээр гарч байналээ. Гэтэл яагаад Доржзодовын өөрийнх нь яриа байхгүй байгаа юм. Энэ уулзалтанд Сандуй гэж хүн байгаагүй. М.Энхболд гэж байгаагүй. Г.Доржзодов бид хоёр хоёулахнаа байсан. Сонгууль болохоор Улс төрийн зорилгоор гаргаж ирээд байх юм.
Доржзодов энэ схемээ танилцуулахдаа ОХУ-д зохиогдсон. Үүнийг Ардчилсан нам хэрэгжүүлсэн гэсэн. Дараа нь энэ схемийг намынхаа удирдлагуудад танилцуулж өгөөч, ойлгуулж өгөөч гэж хэд хэдэн удаа уулзсан. Цөөнгүй удаа энэ талаар санал солилцож байсан.
Хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгаж байгаа. Хэн нь үнэн яриад байгааг тогтоох байх. Энэ үед дахин баримт дэлгэнэ.
Нэр хүнд гутаасан гэх талаар гомдол өгсөн. Цаашдаа ч нэр төрөө хамгаална. Ц.Сандуй гэдэг хүнтэй сайхан найзууд. Бас МАН-ын гишүүн. Гэтэл өнөөдөр намынхаа байраар орох эрхгүй болтлоо гүтгүүлж, доромжуулж байна.
Энэ бичлэг эвлүүлэг гэдгийг өөрийнхөө итгэл үнэмшилээр мэдээд байна. Мөн Монгол улсын хуулийн байгууллага болоод шинжээчид энэ талаар дүгнэлтээ гаргасан.
24tsag.mn
Сэтгэгдэл (49)