МАН-ын удирдлагууд нийслэлээс хэрхэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан бичлэг дэлгэгдээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. Тус бичлэгийг манай шинжээчид эвлүүлэг хэмээн үзсэн бол гадныхан эвлүүлэг биш гэдгийг нотолсон. Мөн бичлэгтэй холбоотой бичлэгүүд ч өнөө ч дэлгэгдсээр байгаа юм. Өчигдөр энэ хэргийн гол эзэн гэгддэг НИТХ-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар мэдээлэл хийсэн. Ингэхдээ тэрхүү санхүүгийн схемийг энэ хэргийн гол гэрч гэгддэг Г.Доржзодов өөрөө зохиосон. Өөрийнхөө хийсэн ажлыг бид нарт нялзааж байна. Г.Доржзодовын нийслэлээс “60 тэрбум” босгох төлөвлөгөөг сонссон хүмүүс нь буруудаж байгаа юм бол Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хамт буруутгагдах ёстой хэмээсэн. Тэгвэл дөнгөж сая МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан АТГ-т энэ талаар мэдүүлэг өгөхөөр орлоо. Тэрбээр орохынхоо өмнө дараах мэдэгдлийг хийсэн юм.
Тэрбээр “60 тэрбумын асуудал нийгмийн бухимдуулж байна. Энэ хэргийн хамгийн том хохирогч нь МАН болоод нийт гишүүд. Зарим гишүүд энэ асуудлаас болоод уурлаж, бухимдаж, айж, ичиж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Өчигдөр А.Ганбаатар гэдэг хүн мэдээлэл хийж, энэ асуудлыг ярьж байхад Д.Амарбаясгалан нарын хүмүүс байсан мэтээр ярьж, олон нийтийг төөрөгдүүллээ. Хүмүүсийн энэ цайрсан үйлдэлд их харамсаж байна. Би өнөөдрийг хүртэл 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэж бодож ирсэн. 2016 оны үед анх бичлэг цацагдахад нэр холбогдсон нөхдүүд “эвлүүлэг” гэж мэдэгдсэн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас “энэ бичлэг эвлүүлэг” гэсэн албан тоотыг манай намд ирүүлсэн байсан. Харамсалтай нь саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Ийм үйл явдал бодитой болсон” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өнгөрсөн хугацаанд энэ бичлэгийн эвлүүлэг хэмээн мэдэгдэж байсандаа харамсаж байна.
Өчигдөр А.Ганбаатар гэдэг хүн 60 тэрбум төгрөг босгох талаар ярилцсан уулзалтанд Д.Амарбаясгалан байсан мэтээр мэдэгдсэн учир өнөөдөр АТГ-ынхан надаас мэдүүлэг авахаар дуудлаа. Сайн байна. АТГ их хурдтай ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд би 2014 онд болсон гэх энэ уулзалт яриа хэлэлцээрийн үед огт байгаагүй. Тухайн үед би АНУ-д сурч байсан. Үүнийг намын нөхөд болсон НИТХ-ынхан бүгд мэдэж байгаа. Тэгээд ч би иймэрхүү яриа хэлэлцээрт ордоггүй . Тухайн үед ямар албан тушаал хашиж байсан бэ. Ийм хэмжээний уулзалтанд оролцох хэмжээний албан тушаалтан байсан уу гэдэг талаар тайлбар өгнө.
Үзүүлээд байгаа зургийг нь харсан. 2015 оны 9 дүгээр сард авахуулсан зураг байна билээ. Учир нь би 2015 оны 6 дугаар сард эх орондоо ирсэн. Тэр үед манай намынхан дунд тодорхой хэмжээний үл ойлголцол үүсээд байсан болохоор Ц.Сандуй болон А.Ганбаатар нар бидний хэсэг нөхдийг урьж, хоол идэнгээ хамтарч ажиллахаа илэрхийлж байсан. Тэр үеийн зураг байсан.
НИТХ-ын төлөөлөгч. Би 3 дахь удаагаа сонгогдсон. Энэ асуудал бол МАН-ын мянга мянган гишүүдийн эрх зүйн асуудал. Тиймээс надад энэ асуудлыг хаагаад байх ёс зүйн асуудал байхгүй. Би Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байна. Иргэн Ц.Сандуй бол хууль хяналтынхаа байгууллагуудаар явж асуудлаа шийдээсэй гэж хүсч байна. Учир нь үүний цаана МАН-ын нийт гишүүдийн нэр төр явж байгаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намынхаа эв нэгдлийг хангаж ажиллах үүргээ ухамсарлаж байгаа. Энэ талаар УЗ-ийн хурал дээр ч хэлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд миний болоод бусад гишүүдийн нэр төрд халдсан олон зохимол бичлэг, мэдээллүүд гарсан. Үүнийг хийсэн Удирдах зөвлөлийн гишүүнийг мэдэж байгаа учир хэвлэлээр янз бүрийн юм яриагүй. Ярьдаг газар нь ярина. Энэ бол намын Бага болоод Их хурал. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан гэж ярьж буй хүмүүс бий. Энэ намд итгэл үнэмшилээ өгч, удирдлага чиг үүргийг нь манлайлан удирдан чиглүүлж явна гэж зүтгэснээсээ хойш намынхаа эсрэг нэг зүйл бодож яваагүй. Магадгүй зарим нэг хүнтэй үзэл бодол таарахгүй, эрх ашиг нь нийлэхгүй болохоор ийм зүйл ярьсан байх.
Мөн МАН-ын гишүүн иргэн А.Ганбаатарыг нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандахаар болсон” гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (26)